Мексикийн сурагч Ángela Karime Venegas Hernández (Ангела Кариме Венегас Эрнандес) дууны долгион ашиглан гал унтраах төхөөрөмжийн туршилтын загвар бүтээж, Индонезид болсон Олон улсын шинжлэх ухаан, зохион бүтээх үзэсгэлэн (ISIF 2026)-гийн технологийн ангиллаас алтан медаль хүртжээ.
Тэрбээр Мексикийн Тамаулипас мужийн Алтамира хотын Технологи, үйлдвэрлэл, үйлчилгээний сургалтын төвийн 78 дугаар сургуулийн сурагч бөгөөд бүтээлээ “Vortex Tech” хэмээн нэрлэсэн байна.
Тус төхөөрөмж нь 30 герцийн нам давтамжтай дууны долгион үүсгэж, дөл орчмын агаарын урсгалыг өөрчлөх замаар шаталтыг тасалдуулах зарчмаар ажилладаг. Үүний тулд 12 вольтын зай хураагуур, давтамж үүсгэгч, өсгөгч болон чанга яригч ашиглажээ. Уг төхөөрөмж нь ус, хөөс, химийн бодис хэрэглэхгүйгээр жижиг хэмжээний галыг унтраах зориулалттай бөгөөд сурагчийн хийсэн туршилтаар хэдхэн секундийн дотор дөл унтрааж чадсан байна.
Мексикийн El País сонинд мэдээлснээр, сурагч төхөөрөмжөө нэг жил орчим хугацаанд хөгжүүлж, хэд хэдэн хувилбарыг туршсаны эцэст олон улсын тэмцээнд танилцуулжээ. Түүний бүтээл алтан медалиас гадна дараагийн олон улсын шинжлэх ухааны тэмцээнд оролцох эрх авсан байна. Гэхдээ уг төхөөрөмж одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд бодит гал түймрийн нөхцөлд ашиглахын өмнө үр нөлөө, аюулгүй байдлыг нь нэмэлт туршилтаар баталгаажуулах шаардлагатай юм.
Эх сурвалж: El País

