Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 29}

Дональд Трамп хиймэл оюуныг AI бус SI гэж нэрлэхийг уриалжээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюун буюу Artificial Intelligence (AI) гэх нэршлийг “супер оюун” буюу Super Intelligence (SI) болгон өөрчлөх байр сууриа дахин илэрхийлжээ.


Тэрбээр Аравдугаар сарын 27-нд Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “хиймэл оюун” гэх нэр томьёог оновчгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, холбогдох албан баримт бичгүүдэд уг нэршлийг хэрэглэхийг хориглоно гэж мэдэгдсэн талаар Reuters агентлаг мэдээлэв.

Трамп мэдэгдэлдээ “Уолл Стрит Жорнал” хиймэл оюуныг яагаад “супер оюун” гэж нэрлэхгүй байгааг асууж, энэ нэршлийг бусад байгууллага хэрэглэж эхэлсэн бөгөөд удахгүй түгээмэл хэрэглэх болно хэмээн дурджээ.

Үүнээс өмнө Есдүгээр сарын 29-нд Дональд Трамп АНУ-ын холбооны гүйцэтгэх засаглалын байгууллагууд албан харилцаа, цахим хуудас, тайлан болон бодлогын баримт бичигт “хиймэл оюун” гэх нэршлийн оронд “супер оюун” гэсэн нэр томьёог хэрэглэх тухай Ерөнхийлөгчийн 14434 дүгээр захирамжид гарын үсэг зуржээ. Түүний үзэж буйгаар уг технологийн чадавхыг “Хиймэл” буюу Artificial гэх тодотгол бүрэн илэрхийлэхгүй аж.

Трампын гаргасан захирамж АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэгжиж эхэлсэн ба тухайлбал, Хууль зүйн яам ажилтнууддаа албан харилцаа болон шаардлагатай тохиолдолд шүүхэд хүргүүлэх баримт бичигт “супер оюун” гэх нэршлийг хэрэглэх чиглэл өгсөн байна. Мөн Төрийн департамент хиймэл оюуны экспортын хөтөлбөрийнхөө нэрийг “American SI Exports Program” болгон өөрчилж, Эрчим хүчний яам шинэ нэршлийг хэрэглэх албан ёсны заавар гаргажээ. Харин Ерөнхийлөгчийн захирамжид уг нэршлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэхээр заасан бөгөөд өмнө баталсан журам, байгуулсан гэрээ болон бусад баримт бичгийг заавал өөрчлөх шаардлагагүй гэж тусгасан байна.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!