Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 27}

Ж.Баярмаа: Нөмрөгийн дархан цаазат газар 8 хоног шатаж, 80 хувь нь түймэрт өртжээ

С.СумхүүС.Сумхүү

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт гарсан ой, хээрийн түймэр найман хоног үргэлжилж, Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь нь галд өртсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Засгийн газрын төсвийн зарцуулалт, гамшгаас хамгаалах бэлэн байдал болон байгаль хамгаалах бодлогыг шүүмжиллээ.


Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэх газарт 2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 16-ны өглөө бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлсэн байдаг. 

Түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас 468,965.7 га нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байгаа бөгөөд тусгай хамгаалалттай газрын 79.8 хувь галд өртсөн нь урьдчилсан хэмжилтээр тогтоогджээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байгаль орчныг хамгаалах бодлого, гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ болон төсвийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг эргэн харах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр:

“COP17-д ≈300 тэрбум төгрөг зарж байхаар түймэр унтраах зориулалтын онгоц, техник, тоног төхөөрөмжөө базаахгүй даанч яав даа” хэмээн шүүмжилжээ.

Түүнчлэн байгаль хамгаална гэдэг нь олон улсын хурал зохион байгуулах, шуурхай штабын барилга барих төдий асуудал бус, харин түймэр гарсан үед шуурхай унтрааж, байгалийн баялгийг сүйдэхээс нь өмнө хамгаалах чадавхтай байхыг хэлнэ гэдгийг онцоллоо. 

Гал түймэр гарсан шалтгааныг тогтоож, гэм буруутай этгээдүүдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад захиргааны зориулалттай барилга байгууламжийг шинээр барих ажлыг тодорхой хугацаанд зогсоох санал дэвшүүллээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!