Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 11-р сар 24}

Эрдэмтэд цусны даралт ихсэхэд нөлөөлдөг тархины шинэ механизмыг илрүүлжээ

Г.АнарГ.Анар

Цусны даралт ихсэхэд илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, давсны хэт их хэрэглээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Харин Шинэ Зеландын Оклендын их сургууль, Бразилын Сан-Паулогийн их сургуулийн эрдэмтэд амьсгалыг зохицуулдаг тархины хэсэг цусны даралт ихсэхэд нөлөөлдөг болохыг туршилтаар тогтоожээ.


“Circulation research” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар эрдэмтэд амьсгал гаргах үйл ажиллагаанд оролцдог тархины тодорхой хэсгийн мэдрэлийн эсүүдийг судалсан байна. Лабораторийн харханд хийсэн туршилтаар эдгээр мэдрэлийн эсийг идэвхжүүлэхэд цусны судас агшиж, артерийн даралт нэмэгджээ. Харин мэдрэлийн эсийн идэвхийг бууруулахад даралт ихсэлттэй хархны артерийн даралт хэвийн түвшинд хүрсэн байна.

Энэхүү судалгаа нь цусны даралт ихсэх өвчнийг эмчлэх шинэ арга боловсруулахад ач холбогдолтой. Ялангуяа унтаж байх үед амьсгал түр хугацаагаар тасалддаг эмгэгтэй хүмүүсийн цусны даралт яагаад ихэсдэгийг илүү сайн ойлгоход туслах боломжтой гэж судлаачид үзэж байна. Гэхдээ одоогоор уг судалгааг зөвхөн амьтанд хийсэн бөгөөд хүний биед ижил үр дүн гарах эсэхийг цаашид судлах шаардлагатай юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2024 онд дэлхий даяар 30–79 насны 1.4 тэрбум хүн артерийн даралт ихсэх өвчтэй байсан нь тухайн насны гурван хүн тутмын нэг нь уг өвчнөөр өвчилсөн гэсэн үг юм.

Эх сурвалж: Circulation Research

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!