Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 05}

Дүүжин замын тээврийн системийн аюулгүй ажиллагааг шалгах туршилт үргэлжилж байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Яармагийн Арцатаас Хархорин худалдааны төв хүртэлх чиглэлд хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд үргэлжилж байна. Туршилтаар дүүжин замын техникийн хэвийн ажиллагаа болон онцгой нөхцөлд хамгаалалтын системүүд хэрхэн ажиллахыг шалгаж байгаа юм.


Нийслэлийн Тээврийн удирдах газрын мэдээлснээр туршилтын үеэр ган троссын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг шалгаж байна. Мөн системийн хэвийн бус нөхцөлд ажиллах чадварыг тодорхойлохын тулд цахилгаан тасрах, хэт хурд авах, олон кабиныг зэрэг ажиллуулах, гэнэт зогсолт хийх зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэн хамгаалалтын болон удирдлагын системийн ажиллагааг туршиж байгаа аж.

Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгах юм. Үүний дараа нийт 96 кабинд 750 килограмм жинтэй ус болон шуудайтай элс хийж, механик ачааллын шалгалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр кабинууд болон дүүжин замын механик эд ангиудын ачаалал даах чадвар, системийн найдвартай ажиллагааг шалгах юм.

Дүүжин замын тээврийн цахилгаан хангамжийг мөн аюулгүй ажиллагааны горимд нийцүүлэн шийдсэн байна. Төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагийн мэдээлснээр системийн хөдөлгөгч үндсэн мотор 567 киловаттын хүчин чадалтай бөгөөд хоёр өөр цэгээс цахилгаанаар тэжээгдэнэ. Тиймээс цахилгааны хязгаарлалтын үед нэг талын тэжээл тасарсан ч нөгөө талын тэжээлээр хэвийн горимоор ажиллах боломжтой аж.

Харин нийтээр цахилгаан тасарсан зэрэг онцгой нөхцөлд зорчигчдыг замд гацуулахгүйгээр аюулгүй зогсоолд хүргэх зориулалттай 275 кВА хүчин чадалтай нөөц генератор төлөвлөсөн байна. Уг генератор нь дүүжин замын тээврийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах бус, зөвхөн зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэх зориулалттай нөөц үүсгүүр юм.

Төслийг улсын комисс хүлээн авахаас өмнө Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийхээр ажиллана. Батлагдсан зураг болон норм, стандартыг мөрдсөн эсэх, ашигласан материал болон гүйцэтгэлийн чанар шаардлага хангасан эсэх, инженерийн системийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн эрсдэлийг тооцсон эсэхэд хяналт тавих юм.

“Bureau Veritas” групп нь 1828 онд байгуулагдсан бөгөөд зураг төсөл, барилгын хяналт, эрсдэлийн үнэлгээ зэрэг чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус групп олон улсын 5000 гаруй барилгын төсөлд оролцож, 10 мянга гаруй барилгад хяналт хийсэн туршлагатай.

Яармагийн Арцатаас Хархорин худалдааны төв хүртэл баригдаж буй дүүжин замын эхний шугам нь 4.2 километр урт, хоёр өртөөтэй бөгөөд нийт 98 кабинтай байхаар төлөвлөгдсөн. Нэг кабин нь 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд систем бүрэн ашиглалтад орсноор цагт 2320 хүртэлх зорчигч тээвэрлэх боломжтой юм.

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 2025 оны Гуравдугаар сард эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд дүүжин замын хоёр өртөөний барилга, инженерийн шугам сүлжээ болон мэдрэгчүүдийн туршилтын ажлууд хийгдэж байна.

Тус төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү нь 0.0076 хувь, үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа 12 жил байна.

Техникийн туршилт, хөндлөнгийн аудит болон улсын комиссын шалгалтыг хийж дууссаны дараа дүүжин замын тээврийн хөдөлгөөнийг нээж, зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн удирдах газар,

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!