Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 05}

Оземпик хэрэглэсний дараа хараагаа алдсан гэх иргэд эмийн компаниудыг шүүхэд өгчээ

Л.АззаяаЛ.Аззаяа

АНУ-д жин хасах болон чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэдэг GLP-1 ангиллын эм тариаг хэрэглэсний дараа хараа муудсан гэж үзсэн өвчтөнүүд эм үйлдвэрлэгч компаниудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.


Тодруулбал, “Ozempic”, “Wegovy”, “Zepbound” зэрэг эм хэрэглэсний дараа “артерит бус урд ишемийн харааны мэдрэлийн эмгэг” буюу NAION үүссэн хэмээн зарим өвчтөн мэдүүлсэн байна. Уг эмгэг нь харааны мэдрэлд очих цусны урсгал буурснаас болж хараа гэнэт муудах, улмаар хараа алдагдахад хүргэдэг аж.

Нэхэмжлэлд эм үйлдвэрлэгч “Novo Nordisk” болон “Eli Lilly” компаниудыг хариуцагчаар нэрлэсэн байна. Тухайлбал, 53 настай Мишель Пеннелл “Ozempic” хэрэглэж эхэлснээсээ хоёр сарын дараа баруун нүдэнд нь хүнд мэдрэмж төрж, хараа нь бүрэлзсэн гэж мэдэгджээ. Түүний захын хараа гэнэт нарийсаж, баруун болон доош чиглэлд харахад хүндрэлтэй болсноор эмч түүнд NAION оношилж, үлдсэн харааг нь хамгаалахын тулд “Ozempic”-ийг зогсоохыг зөвлөжээ.

Гэхдээ GLP-1 төрлийн эм болон NAION өвчний хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй аж. Зарим судалгаагаар эдгээр эмийг хэрэглэдэг хүмүүст ишемийн харааны мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэл нэмэгдэж болзошгүйг харуулсан ч эм нь өвчнийг шууд үүсгэдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин эм үйлдвэрлэгч компаниуд уг эмүүдийг NAION үүсгэдэг гэсэн хангалттай нотолгоо байхгүй гэж үзэж байгаа аж.

Европын Эмийн агентлаг 2025 оны Зургаадугаар сард семаглютид агуулсан эмийн “маш ховор тохиолддог гаж нөлөө”-ний нэгээр NAION-ийг бүртгэж, “Ozempic”, “Wegovy” зэрэг эмийн мэдээлэлд холбогдох анхааруулга нэмэхийг зөвлөжээ. Үүнтэй холбоотой анхааруулгыг Их Британи, Япон, Австралийн эмийн мэдээлэлд мөн оруулсан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!