Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 01}

Өвөрхангай аймагт намрын мод тарилтыг эхлүүллээ

Л.АззаяаЛ.Аззаяа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хүрсэн үр дүнтэй танилцах, цаашдын ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон холбогдох албаныхан Өвөрхангай аймагт ажиллаж байна.


Энэ хүрээнд тус аймагт 2021 оноос хойш зохион байгуулж буй мод тарих үйл ажиллагааны 12 дахь удаагийн нээлт өнөөдөр буюу 2026 оны Аравдугаар сарын 1-нд болж, намрын мод тарилтыг эхлүүллээ. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлан, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаярт гардуулсан байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр, Байгаль орчны газрын Ойн нэгжийн дарга Ц.Батгэрэл, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, хурандаа Дэлгэрсайхан, “Ой баясах” ХХК-ийн ойжуулалтын инженер, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Эрдэнэчимэг болон холбогдох байгууллагын төлөөлөл, албан хаагчид, иргэд оролцжээ.

Өвөрхангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийт 20 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлсэн. Одоогийн байдлаар тус аймагт дөрвөн сая орчим мод ургуулсан бөгөөд тарьсан модны амьдралтын түвшин 75-аас дээш хувьтай байгаа аж. Энэ нь мод тарихаас гадна тарьсан модны арчилгаа, хамгаалалт, ургалтыг хангах ажлыг тогтмол зохион байгуулж байгааг харуулж байна. Аймгийн хэмжээнд мод тарилтын дараах арчилгаа, усалгаа, хамгаалалтад анхаарч, тарьсан модны амьдралтын түвшнийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хаврын мод тарилтаар Өвөрхангай аймаг 406 мянган мод тарьсан бол энэ намар 600 мянган мод тарихаар төлөвлөжээ. Харин цаашид мод тарих ажлын цар хүрээг үе шаттай нэмэгдүүлж, жилд гурван сая орчим мод тарих зорилт тавин ажиллаж байна.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зөвхөн төрийн байгууллагын хүрээнд бус иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд иргэд, байгууллагуудын мод тарих идэвх, оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тарьсан модоо арчлан хамгаалах, ургалтыг хангах ажлыг уялдуулан зохион байгуулж байгаа юм. Ийнхүү Өвөрхангай аймаг 2030 он хүртэлх 20 сая мод тарих зорилтынхоо хүрээнд хавар, намрын мод тарилтыг тогтмол зохион байгуулж, жил бүр тарих модны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!