2026 оны төсвийг ээлжит бус чуулган зарлан тодотгож, араас нь ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхлэхээр байна. Он дуусахад дөрвөн сарын хугацаа үлдсэн. Энэ дөрвөн сард багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг бүрэн гүйцэд олгохын тулд л төсвөө тодотгож байгаа нь уншигдсан. Нэг ёсондоо улс цалин, тэтгэвэр тавих мөнгөгүй болсон нь үнэн байна.
Гэхдээ энэ яг ч Н.Учралын алдаа биш. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа эмч, багш нарын цалин болоод ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Тэр нэмэлтийг санхүүжүүлэх дүн л өдгөө төсөвт ачаалал учруулаад байна. Г.Занданшатарын шийдвэрийг амилуулахын тулд Н.Учрал 2026 оны төсвийг дөрвөн сарын хугацаанд зориулан тодотгож байгаа хэрэг.
Гэтэл араас нь 2027 оны төсвийг түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд боловсруулж, алдагдлыг нь яг хуульд заасан хэмжээнд тулган 2.3 их наяд байхаар төсөөлчихлөө.
Хэрэвзээ зарим эх сурвалжуудын яриад эхэлснээр намар Н.Учралын Засгийн газар унах болбол түүний өргөн барьсан төсөв дараагийн Ерөнхий сайддаа гай л дуудна. Учир нь Монголын түүхэнд байгаагүй өндөр төсвийг тэр асар зоригтойгоор боловсруулжээ. Өөрөө огцрохгүй байлаа ч нөхцөл байдал ихээхэн ярвигтай болж хувирах юм.
2027 оны төсвийг үндсэндээ сонгуулийн төсөв гэж харах ёстой. 2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын сонгууль таарах учраас ард иргэдийн хандлагыг төсвөөр дамжуулан бэлтгэх шаардлагатай болно. Зарим тойргийг усална. Яах аргагүй ийм үүднээс хандсан нь бас харагдаж байгаа.
Ирэх жилийн төсвийн орлогыг 45.7 их наяд, тэнцвэржүүлсэн байдлаар 41.3 их наяд байхаар тооцсон. Энэ бол урьд жилүүдийн төсвөөс үлэмж нэмэгдсэн дүн. Яаж бүрдүүлэх вэ?
33 их наядыг нь татварын орлогоор гэж төсөөлжээ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа. Энэ бол нэг талдаа татварын орлогоо нэмэгдүүлэх гэсэн аргачлал байж болно. Нөгөө талаас, ХХОАТ төлөх босгыг өндөрсгөж байгаа нь иргэдэд ээлтэй ч гэлээ ерөнхий төсөөлөл бол яахын аргагүй татварт найдсан байхаар харагдаж байгаа юм.
Харин уул уурхайн салбарын орлогыг 10.9 их наяд байхаар төсөөлжээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсийг 68 ам.доллар, зэсийг 12,700 ам.долларын үнэтэй байхаар тооцсон байх юм. Эрсдэлийн шинжилгээгээр энэ дүнгүүд савлах эрсдэл ихтэй. Гадаадын аналитик байгууллагуудын тооцож буйгаас ч өөдрөг төсөөлөл болж байна. Нөгөө талдаа АМНАТ-өөр 5.4 их наядыг төвлөрүүлнэ гэж тооцжээ.
Тэгэхээр үндсэндээ татвар ба уул уурхайн салбарын орлогод бүрэн найдсан уламжлалт төсөөлөл мэдээж үргэлжилж байна.
Гэтэл тэр хэрээр үрнэ, алдагдлаа 2.3 их наядад тулгана хэмээж буй.
Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлд шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрчим хүчний салбарт шинэчлэл хийх зэрэг агуулгаар ихэнх зардал явахаар тусжээ. Нийт 5.7 их наяд төгрөгөөр барилга байгууламжийн төслийг санхүүжүүлэх аж. Нарийн задалж харвал хийнэ гэж төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт олон байна. Гэхдээ энэ дунд нөгөө удаан хугацаанд хүлээгддэг мега төслүүд, эдийн засагт алсдаа үр өгөөжөө өгөх стратегийн шинжтэй хөтөлбөрүүд харагдахгүй байна. Ихэвчлэн урсгал зардал, нийгмийн хамгааллын салбарын зардлууд уншигдаж байгаа нь анхаарал татна.
Ирэх жил мөнгөний нийлүүлэлт 25 хувиар нэмэгдэнэ гэжээ. Атал инфляцыг 8 хувь орчимд хэлбэлзэнэ гэж үзсэн. Энэ бол эдийн засгийн амьдрал дээрдэхгүй гэсэн үг. Хүчээр мөнгөний нийлүүлэлтийг нэмнэ гэдэг нөхцөл байдал дордохын л нэр. Ямартай ч Монголбанк хараат бус, бие даасан шийдвэрээ гаргах ёстой. Засгийн газрын хүслийг биелүүлэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг дураараа нэмэх юм бол үнийн хөөрөгдөл, инфляц л гаарна гэсэн үг.
Угтаа иргэдийн амьдрал сайжрах ёстой. Тийм их өөдрөг төсөөллөөр, өндөр орлоготой ажиллана гэж байгаа юм бол хэмнэж яагаад болсонгүй вэ? 2.3 их наядын алдагдал хүлээн хүлээн яг юунд энэ их мөнгийг зарах юм бэ? Энэ тал дээр Засгийн газар бүтээлч тайлбар өгөх шаардлагатай байна. Ямартай ч иргэдийн бодит амьдралд шууд нөлөөлөх өөрчлөлт орохгүй нь мөнгөний нийлүүлэлт ба инфляцын төсөөллөөс харагдаж байгаа юм.
Нөгөө талдаа Засгийн газар дахиад л өр тавина гэж байна. 2027 онд гадаад бондуудын төлбөрт 3.6 их наядыг төлөх ёстой. Үүнийгээ нөгөө л өрийг өрөөр дардаг байдлаараа буюу шинэ бонд гаргаж, түүгээрээ санхүүжүүлнэ гэж тооцсон байна. Засгийн газар 6.4 их наяд төгрөгийн өрийн баталгаа гаргах төлөвлөгөөтэй бөгөөд таазыг арай шүргэхгүй. ДНБ-ий 60 хувьд барих ёстой бол эдгээр нь 49 хувийг эзлэх тооцоотой аж.
Ингээд харахаар, түүхэнд байгаагүй хэмжээний их орлоготой атлаа 2.3 их наядын алдагдалтай, дахиад 6 их наядын өрийг шинээр тавих төлөвлөгөөтэй, яг ямар хэрэгтэй томоохон төсөлд энэ мөнгөө зарах нь тодорхойгүй, эдийн засгийн амьдралыг төдийлөн дээрдэнэ гэж төсөөлөөгүй 2027 оны төсөв дээр ярих зүйл олон байна.
Хамгийн сонирхолтой нь, Төсвийн тухай хуульд өөрчлөлт хийхээр хамт өргөн барьж байгаа юм билээ.
Тодруулах юм бол, Орон нутгийн хөгжлийн санд холбогдох 60 дугаар зүйлд шууд зарцуулалттай холбооотой заалт нэмж байна. Сангийн хөрөнгийн 50 хувийг шууд Засгийн газрын мэдлээр зарцуулж болдог болох нь. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хөгжлийн сангийн хуримтлалыг 2027 оноос шууд задалж, 50 хувийг нь төсөл хөтөлбөр санхүүжүүлэх байдлаар зарцуулж эхлэх юм байна.
Үүнийг бол тойргийн усалгаа гэж харахаас аргагүй. Өмнө нь гишүүдэд усалгааны төсвийг далд байдлаар тусгаж өгдөг байсан бол одоо орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг задлах нь. Ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ олон нийтээс санал асууж шийднэ гэдэг агуулга яригдаж байгаа аж. Тэгэхээр сонгууль угтаад тойргийн усалгаагаа ингэж хийхээр төсөөлсөн байх магадлалтай байна.
Тэгэхээр энэ их мөнгөөрөө:
- · Гадаад өрөө төлөхгүй юм байна. Дахиад өр тавьж шийднэ.
- · Орлогоосоо давсан хэмжээний мөнгө үрэх юм байна, алдагдлаа бүр хуульд заасан хэмжээнд тулгах юм байна.
- Инфляцыг бууруулж, эдийн засгийн амьдралыг сайжруулна гэж төсөөлөөгүй байна.
Ингээд яг юу хийх гэж байгаа юм бэ? 40 их наяд төгрөгийн яг хэд нь урсгал зардал юм. Ямар ач холбогдолтой томоохон төслүүд санхүүжүүлэх юм. Яагаад орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хүртэл үрж эхлэх гэж байгаа юм. Хэдэн эмнэлэг, сургууль бариад цалин, тэтгэвэр, халамжаа тавиад дуусгадаг уламжлалт төсвийн шинжтэй юм бол яагаад ийм өндөр дүнтэй юм бэ? Эдгээрт одоохондоо ямар ч хариулт алга. Тиймээс Ерөнхий сайд энэ их мөнгөөр яг юу хийхээ тайлагнамаар байна.

