Үндэсний статистикийн хорооноос иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал болон гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлох зорилготой “Иргэдийн аюулгүй байдлын судалгаа-2026”-г улс орон даяар эхлүүллээ. Уг судалгааг гурван жил тутам зохион байгуулдаг бөгөөд 2026 оны судалгаа нь өмнөх судалгааны дараагийн шат болдог аж.
Энэ удаагийн судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгосон 4620 өрхийг хамруулж, 14 ба түүнээс дээш насны өрхийн бүх гишүүдээс мэдээлэл цуглуулах юм. Судалгааны мэдээллийг есдүгээр сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл явагдана.
Судалгаагаар иргэдийн амьдарч буй орчны нөхцөл, гэмт хэрэгт өртөх эрсдэл болон аюулгүй байдлын талаарх ойлголтыг тодорхойлохоос гадна цагдаа, хууль хяналтын байгууллагад бүртгэгдээгүй нуугдмал гэмт хэргийн талаарх суурь мэдээллийг бий болгох зорилготой.
Өмнөх судалгаагаар юу тогтоосон бэ?
Монгол Улсад энэ төрлийн судалгааг анх удаа буюу 2023 онд зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн 8000 өрхийг хамруулан мэдээлэл цуглуулсан байна. ҮСХ-ны мэдээллээр уг судалгааг НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хохирогчийн судалгааны аргачлалд тулгуурлан боловсруулжээ.
2023 оны судалгааны үр дүнгээс харахад нийслэлийн иргэдийн 50.4 хувь нь амьдрах орчны таатай нөхцөл хангагдаагүй гэж үзсэн бол аймгийн төвийн иргэдийн 61.7 хувь, сумын төвийн 56.4 хувь, хөдөөгийн иргэдийн 70.4 хувь нь амьдрах орчны нөхцөлөө таатай гэж үнэлжээ.
Мөн судалгаанд оролцогчдын дунд хамгийн түгээмэл хохирол учруулж болзошгүй гэмт хэргийн төрөлд хулгай, залилан, мал хулгайлах гэмт хэрэг багтаж байжээ.
Харин амьдрах орчны аюулгүй байдлын талаарх урьдчилсан дүнгээр оролцогчдын 15.2 хувь нь орчны эмх замбараагүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэж үзсэн байна. Түүнчлэн 10 хүн тутмын зургаа нь амьдрах орчны нөхцөлөө таатай гэж үнэлсэн бол дөрвөн хүн тутамд нэгээс илүү нь хангалтгүй гэж хариулжээ.
Иймээс энэ удаагийн судалгааны үр дүн нь иргэдийн аюулгүй байдлын нөхцөл байдал өмнөх судалгаанаас хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон амьдрах орчныг сайжруулах бодлогод шаардлагатай мэдээллээр хангахад ач холбогдолтой юм.

