Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр /2026.09.03/ “Зөвшөөрлийн шинэчлэл-Хялбар зохицуулалт-Бизнесийн таатай орчин” сэдэвт сургалт, арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэ хүрээнд зөвшөөрөл олголтын үйл ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, шаардлагагүй зохицуулалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, зөвшөөрөл авахад татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлагаас чөлөөлсөн талаар танилцуулсан байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл авахтай холбоотой захиргааны шаардлага, хүндрэлийг бууруулах боломж бүрдэх юм.
Мөн зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, зөвшөөрөл олголтын үйл явцыг илүү шуурхай, ойлгомжтой болгох асуудлыг хэлэлцжээ.

