АНУ-ын 72 сая орчим хүүхдийг сансрын технологи, хиймэл оюуны салбарын томоохон компанийн хувьцаа эзэмшигч болгох санаачилгыг тэрбумтан Илон Маск (Elon Musk) танилцууллаа. Нийт 18 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж буй энэхүү санаачилгын онцлог нь хүүхдүүдэд бэлэн мөнгө бус, урт хугацаанд үнэ цэн нь өсөх боломжтой хөрөнгө бэлэглэхэд оршиж байна.
SpaceX компани 2026 оны Арваннэгдүгээр сарын 25-нд гаргасан албан ёсны мэдэгдэлдээ хүүхдийн урт хугацааны хуримтлалыг дэмжих “Trump Accounts” хөтөлбөрийн идэвхтэй данс бүрд шинээр гаргах А ангиллын нэг ширхэг энгийн хувьцаа олгохоо зарлажээ. Компанийн зүгээс хувьцааг ирэх Арванхоёрдугаар сард шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд санаачилгыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөл шаардлагатай байж болохыг мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин Илон Маск компаниас олгох хувьцааны тоотой тэнцэх хэмжээний хувьцааг хувийн эзэмшлээсээ хандивлаж, 2027 оны Зургадугаар сард шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхэд бүр SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа эзэмших боломжтой болох юм. Түүнчлэн Илон Маск цаашид жил бүр хүүхэд бүрд нэг ширхэг хувьцаа нэмж бэлэглэхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна.
АНУ хүүхдүүдийг бага наснаас нь хөрөнгө оруулалтад хамруулж, урт хугацааны хуримтлал бий болгох зорилгоор татварын хөнгөлөлттэй “Trump Accounts” хөтөлбөрийг 2026 оны Долдугаар сарын 4-нөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2025–2028 онд төрсөн, шаардлага хангасан хүүхэд бүрийн хөрөнгө оруулалтын дансанд холбооны засгийн газраас 1,000 ам.долларын нэг удаагийн эхлэл хөрөнгө байршуулахаар хуульчилжээ. Мөн эцэг эх, иргэд, аж ахуйн нэгжүүд хүүхдийн хуримтлалд хөрөнгө нэмэх боломжтой юм. Цагаан ордны 2026 оны Аравдугаар сарын 7-ны мэдээллээр тус хөтөлбөрийн хүрээнд 70 сая орчим хүүхдийн нэр дээр данс нээгээд байна.
Ийнхүү хүүхдийн хуримтлалыг дэмжих төрийн хөтөлбөрт хувийн хэвшил оролцсоноор хүүхдүүдэд насанд хүрэхээсээ өмнө хөрөнгө эзэмшиж, эдийн засгийн өсөлтөөс үр өгөөж хүртэх боломж бүрдэж байна. Гэхдээ хувьцааны үнэ зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан өсөж, буурдаг тул хуримтлалын хэмжээ цаашид хэрхэн өөрчлөгдөх нь тухайн компанийн үйл ажиллагаа болон хөрөнгийн зах зээлийн төлөвөөс хамаарах юм.
Эх сурвалж: SpaceX, Цагаан ордон, Reuters