Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 20}

Өнөөдөр Монгол орон даяар “Төрийн дуулал” нэгэн зэрэг эгшиглэнэ

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Төрийн дууллыг өнөөдөр /2026.10.20/ 11:40 цагт Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбай болон ерөнхий боловсролын сургуулиудад нэгэн зэрэг эгшиглүүлнэ.


Энэхүү үйл ажиллагааг шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд, хүүхэд залуусын эх орноороо бахархах үзэл, үндэсний ухамсар, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой аж. Тус өдөр орон даяар иргэдийг төв талбайдаа цуглаж, үндэсний дээл хувцсаараа гоён, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг уриалжээ.

Төрийн дууллын түүх

Монгол Улсын одоогийн Төрийн дууллын хөгжим, үгийг 1950 онд албан ёсоор баталсан түүхтэй. Хөгжмийг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар зохиож, үгийг академич Ц.Дамдинсүрэн бичжээ. Тухайн оны Дөрөвдүгээр сарын 26-нд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар зарлигаар баталж, Тавдугаар сарын 1-нээс орон даяар эгшиглүүлж эхэлсэн байна.

Төрийн дууллын үгийг 2006 оны Долоодугаар сарын 6-нд өөрчлөн найруулж, өнөөгийн хувилбарыг баталсан. Түүний үгэнд Монгол Улсын тусгаар тогтнол, өвөг дээдсийн түүхэн гавьяа, үндэсний эв нэгдэл, эх орныхоо хөгжил дэвшил, хэл соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх үзэл санааг илэрхийлдэг. 

“Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуулийн 2 дугаар зүйлд Төрийн дууллыг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг гэж тодорхойлсон байдаг. Мөн хуулийн 22 дугаар зүйлд Төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч иргэд босож, дуулж хүндэтгэхээр заажээ.

Ийнхүү Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүлэх санаачилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний бахархал, эв нэгдлийг илэрхийлсэн олон нийтийн үйл ажиллагаа болох юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!