Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 14}

Цахим үйлчилгээний тоог бус, ашиглаж чадах иргэдийн тоог нэмэгдүүлье

Л.АззаяаЛ.Аззаяа

Төрийн үйлчилгээг цахимжуулах нь иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ач холбогдолтой. Гэвч цахим үйлчилгээ хөгжихийн хэрээр түүнийг бие даан ашиглаж чадахгүй байгаа иргэдэд асуудал тулгарч байна. Ялангуяа ахмад настнууд төрийн цахим үйлчилгээ авахдаа хүүхэд, ач зээ нарынхаа тусламжид найдах, эсвэл өөрсдөө төрийн үйлчилгээний цэгт очиж үйлчлүүлэх шаардлагатай тулгардаг.


Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас 2025 оны Нэгдүгээр сарын 1-нд нийтэлсэн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаанд 1,929 иргэн хамрагджээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь цахим үйлчилгээ авахад ойлгомжгүй, хүндрэлтэй байдаг гэж хариулсан бол 15 хувь нь ухаалаг төхөөрөмж ашиглаж чаддаггүй гэжээ. Мөн 13 хувь нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим үйлчилгээний хүртээмж тааруу гэж үзсэн байна. Эдгээр тоо баримтаас харахад төрийн цахим үйлчилгээг ашиглахад хүндрэлтэй иргэд байсаар байгаа бөгөөд энэ нь ахмад настнуудын өдөр тутмын амьдралд хэрхэн илэрч байгааг тэдний ярианаас харж болно. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахимаар авахдаа хүүхдүүдийнхээ тусламжид хандах, эсвэл өөрийн биеэр үйлчилгээний цэгт очиж үйлчлүүлэх шаардлага тулгардаг байна. Энэ талаар ахмад настнуудын байр суурийг сонслоо.

Ахмадууд цахим үйлчилгээ авахын тулд хүүхдүүдээсээ хамааралтай хэвээр байна

Та төрийн үйлчилгээг цахимаар авч чадаж байна уу?

-Мэдэхгүй ээ, Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Одоо тэгээд залуучууд чинь дэлхийн хөгжилтэй хөл нийлж явна гээд л бүх юмийг цахим болгочихсон. Тэтгэвэрт гарсан бид нар чинь тэр болгон нарийн мэдэхгүй учраас хүүхдүүдээсээ, мэддэг найз нөхдөөсөө л асууж явах юм байна шүү дээ. 80-аад оны дээд сургуульд сурч байсан, социализмын үед амьдарч байсан бид нар чинь тэр нарийн юмийг чинь мэдэхгүй, сурах гэж бас нэлээн л юм болох байх. Төр засаг маань заавал тоон гарын үсэг шаардах юм, би өнөөдөр анх удаа энэ тоон гарын үсэг авах гээд ирсэн байна. Яаж авдаг юм бол тэр бүсгүйгээс асууж байгаад л авъя даа гээд л байж байна. Нэг талдаа зөв л дөө тоон гарын үсэг нь нөгөө талдаа бол энэ хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэртээ гарсан ахмадууд, хөдөөнийхөн гээд авч ашиглаж чадахгүй хүмүүс зөндөө байгаа шт, утсаар ярьж байгаа нь эх юм л гэж бодож байна. Тэгэхээр энийг бас сайн тайлбарлаж зурагт, радиогоор гаргаж байвал гэж бодох юм.

Ахмад настнуудын хувьд ухаалаг утасны тохиргоо хийх, аппликейшнд нэвтрэх, бүртгэл баталгаажуулах, шаардлагатай лавлагаа, тодорхойлолтоо олох зэрэг үйлдэл хүндрэлтэй байж болно. Тиймээс төрийн үйлчилгээ авах хэрэгцээ гарахад хүүхдүүддээ хандаж, өөрсдийнхөө өмнөөс үйлчилгээгээ авч өгөхийг хүсдэг. Харин хүүхдүүд нь завгүй эсвэл хол амьдардаг бол үйлчилгээ авах хугацаа хойшлох тохиолдол ч гарч болно. Зарим ахмад настан бусдын тусламжаас хамааралгүйгээр үйлчилгээгээ авахын тулд төрийн үйлчилгээний цэгт биечлэн очихыг илүүд үздэг. Энэ тохиолдолд унаа тээврийн зардал гаргах, дараалалд зогсох, цаг хугацаа зарцуулах шаардлага үүснэ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2025 оны Нэгдүгээр сарын 22-ны мэдээллээр “Үндэсний цахим элч” хөтөлбөрийн хүрээнд 137 сайн дурын сургагч багш бэлтгэж, Улаанбаатар хотын есөн дүүрэг болон 13 аймгийн 1,277 ахмад настанд цахим ур чадварын сургалт зохион байгуулжээ. Сургалтаар ухаалаг утас, интернэт ашиглах, төрийн цахим үйлчилгээ авах, цахим аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг олгосон байна. Энэ нь ахмад настнуудын цахим хэрэглээг дэмжих ажил хийгдэж байгааг харуулж байгаа ч цаашид илүү олон иргэнд хүрч, бодит хэрэглээнд үр дүнгээ өгөх шаардлагатай.

Үүнээс гадна төрийн үйлчилгээний цэгүүдэд цахим үйлчилгээ ашиглахад туслах ажилтны дэмжлэгийг хадгалах нь чухал. Цахим үйлчилгээ хөгжиж байгаа нь биечлэн үйлчлүүлэх шаардлагатай иргэдийн хэрэгцээг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин цахимаар үйлчлүүлэх боломжтой иргэдэд энэ сонголтыг олгож, бие даан ашиглахад хүндрэлтэй иргэдэд өөр хувилбар, тусламжийг зэрэг санал болгох нь хүртээмжтэй төрийн үйлчилгээний үндэс юм.

Мөн гэр бүлийн гишүүд ахмад настнууддаа туслахын зэрэгцээ үйлчилгээг нь үргэлж өөрсдөө авч өгөхөөс илүүтэйгээр өөрсдөөр нь хийлгэж, шаардлагатай үед нь зааж сургах нь урт хугацаандаа үр дүнтэй. Ингэснээр ахмад настнууд цахим үйлчилгээ ашиглах дадалтай болж, бусдаас хамаарах байдал нь буурах боломжтой. Гэхдээ хувийн мэдээлэл, нууц үг, баталгаажуулах кодын аюулгүй байдлыг үргэлж анхаарах шаардлагатай.

Төрийн үйлчилгээг цахимжуулахын гол зорилго нь зөвхөн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх бус, иргэн бүрд хүртээмжтэй хүргэх явдал юм. Тиймээс цаашид цахим үйлчилгээний хүртээмжийг үнэлэхдээ хэдэн үйлчилгээ цахимжсаныг бус, иргэд тэдгээрийг бие даан ашиглаж чадаж байгаа эсэх, ямар хүндрэл тулгарч байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг анхаарах хэрэгтэй. Ахмад настнууд хүүхдүүдээрээ дамжуулан үйлчилгээ авах эсвэл төрийн үйлчилгээний цэгт биечлэн очих шаардлагагүйгээр өөрийн хэрэгцээт үйлчилгээгээ ойлгомжтой, аюулгүй авах боломж бүрдсэн цагт цахим шилжилтийн үр өгөөж хүн бүрд бодитоор хүрнэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!