Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 08}

Эрхүүгийн лабораторийн ажилтны нас баралтын шалтгааныг ДЭМБ тодруулж байна

Г.АнарГ.Анар

ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан хүнд хэлбэрийн уушгины хатгалгаагаар нас барсан тохиолдлыг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд ажиглаж байна.


Reuters, Associated Press болон The New York Times зэрэг олон улсын хэвлэлд ажилтан уушгины хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй тухай эхний мэдээллүүд гарсныг дурдсан ч энэ хувилбар одоогоор албан ёсоор батлагдаагүй байна. Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв /ECDC/ Аравдугаар сарын 6-нд нөхцөл байдлыг хянаж байгаагаа мэдэгдэж, хоёрдогч тохиолдол болон хүнээс хүнд тогтвортой дамжсан шинж тэмдэг одоогоор бүртгэгдээгүй гэж мэдээлжээ.

Харин ОХУ-ын дотоод эх сурвалжууд өөр байр суурь мэдээлсэн. ОХУ-ын хэрэглэгчийн эрх, хүн амын эрүүл ахуйн хяналтын байгууллага Роспотребнадзорын мэдээллийг эш татсан Интерфакс, ТАСС агентлагуудын мэдээлснээр нас барсан ажилтанд “шалтгаан тогтоогдоогүй уушгины хатгалгаа” оношлогджээ. Өргөтгөсөн шинжилгээгээр ажилтны сорьцод мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой бичил биет илрээгүй бөгөөд тус хүрээлэнд эмгэг төрүүлэгч бичил биеттэй ажиллах явцад осол, аваарын нөхцөл гарсан нь тогтоогдоогүй гэж Роспотребнадзор мэдэгдсэн байна. Мөн Иркутск муж, Эрхүү болон Шелехов хотын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл тогтвортой байгаа гэж тус байгууллага мэдээлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Аравдугаар сарын 7-нд нас барсан ажилтны өвчнийг яг ямар үүсгэгч бий болгосныг одоогоор тогтоох боломжгүй байгааг мэдэгдэв. ОХУ-ын талаас Иркутск мужид тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд ойролцоогоор 200 хавьтлыг тусгаарласан гэж ДЭМБ-д мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч ДЭМБ нас барсан ажилтан болон хавьтлуудад хийсэн лабораторийн шинжилгээний дэлгэрэнгүй хариу, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэл, мөн өөр нэг ажилтанд шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа илэрсэн гэх мэдээллийг тодруулахыг ОХУ-аас хүсжээ. Бүрэн мэдээлэл ирээгүй байгаа тул ДЭМБ одоогоор эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийх боломжгүй гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: ДЭМБ, ECDC, Роспотребнадзор/Интерфакс, Reuters, Associated Press, The New York Times

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!