Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 02}

Нэгэн цагт Т.Бадамжунайг авчирч явсан Х.Нямбаатар өөрөө “Шувуу” болоод нисчихлээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

“Гэрэгэ” тауэрийн 15 давхрынхан нэг нэгээрээ яллагдагчаар татагдаж, эхнээсээ баривчлагдаж байна. 15 давхар гэдгээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, “Хэро”-гийн Б.Баатар, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нарын фракцыг хочлон дуудах болоод удаж байгаа.


Өнөөдөр Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж, цагдан хорих эсэхийг шүүхээр хэлэлцэв. Харин Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын аль алиныг яллагдагчаар татсан тухай мэдээлэл ил болоод байгаа. 

Тэр гурваас гадаадад яваа нь Х.Нямбаатар юм. Тэрбээр Японд сургалтад сууж байгаа, сурч боловсрох эрхээ эдэлж байгаа, курсээ дуусгаад ирнэ гэж мэдэгдсэн удаатай.

ХЗДХ-ийн сайдаар ажиллаж, дараа нь Нийслэл хотыг хамгийн мөнгөтэй, бэлтэй үед нь удирдсан Х.Нямбаатарын хувьд чухам хаанахын, ямар сургалтад сууж номын дуу сонсон боловсорч байгаа талаар элдэв мэдээлэл хараахан алга.

Юу тодорхой вэ гэвэл, яллагдагчаар татагдсан хүн хилийн чанадад явна.

Түүнийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед авлигатай тэмцэх “Таван Ш” гэж ажиллагаа хэрэгжсэн байдаг. Харин яг өөр шиг нь, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа атлаа гадаадад гарчихсан албан тушаалтнуудыг “Шувуу” гэж нэрлэсэн юм.

“Шувуу” ажиллагааны хүрээнд олон “Шувуу” нутагтаа буцаж ирсэн. Ихэнх нь хуулийн байгууллага дүрэм журмын дагуу ажлаа хийсний дүнд л баривчлагдан ирсэн биз. Харин Х.Нямбаатар өөрийн гараар хийсэн ажил болгож пиардсан ганц “Шувуу”-тай, тэр нь өдгөө 70 шахсан Т.Бадамжунай байсан.

Т.Бадамжунай ч цагтаа улс төр, бизнесийн бүлэглэлийн зартай удирдагч, стратегич явав. Авчиг 65 насандаа Монголоос гарсан. Хожим нь 2023 онд, Филиппинд байхад нь олж авчран, онгоцны буудал дээрээс бөөн хэвлэл мэдээллийн байгууллага тосон сурвалжилж, сүр бараа болгосон автор нь Х.Нямбаатар.

Т.Бадамжунайн охид хэвлэлд ярилцлага өгч, хэрэг яагаад хууль зүйн үндэслэл багатай, шүүх хурал ямар хэмжээнд нэг талыг баримтлан өрнөж байгаа талаар мэдээлж байсан. Ямартай ч Т.Бадамжунай өнөөдрийг хүртэл ямар нэг ял шийтгэл авсангүй.

Одоо улс төрийн амьдралаас “тэтгэвэр”-тээ гарсан Т.Бадамжунайд шүүхэд нөлөөлж байх хүч чадал гэвэл юу л бол. Юм өөрийн голдирол, хууль дүрмийн дагуул явагдаж байгаа гэдэгт итгэх нь түүнээс илүү бодитой болно. 

 Өнөөдөр гэтэл Х.Нямбаатар өөрөө “Шувуу” болчихоод байна. Яллагдагчаар татагдсан бол ирж тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Юу гэдэг билээ, зангиагаа зүүж, гутлаа тослоод... Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгийн араас хэр чинээндээ хөөцөлдөж явсан түүний хувьд энэ зэргийн ёс зүй баймаар.

Шувууны анчин яваад өөрөө шувуу болж хувирсан үлгэрийн баатар Х.Нямбаатарыг хууль дуудаж чадахгүй байна гэхээр гайхалтай. Хийсэн хэрэг, үйлдсэн нүгэлгүй хэн ч хүрч ирээд шалгуулчихаж чаддаг. Карма гэнэ үү, бумерангийн онол ч гэнэ үү, юу гэж нэрийдэх нь төдийлөн чухал биш, харин амьдралд ээлж солигдох нэгэн зүй тогтол ээлжилдэг жамтай. Х.Нямбаатарыг хууль дуудаж чадахгүй бол өөрт нь нэгэнтээ баригдан ирж явсан Т.Бадамжунайг явуулбал олоод ирж мэднэ шүү. Үгэн дотор үг, үхэр дотор гиван гэдэг. Цаагуураа, карма хаалга андуурахгүй ээ л гэж байгаа юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!