АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон хиймэл оюуны салбарын томоохон компаниудын удирдлагууд технологийг аюулгүй хөгжүүлэхэд чиглэсэн сайн дурын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Есдүгээр сарын 29-нд Цагаан ордонд болсон уулзалтын дараа “Супер оюуны талаарх Цагаан ордны хэлэлцээр: Дэвшилтэт хиймэл оюуны системийн хариуцлагын хамтарсан амлалт” буюу “White House Accord on Super Intelligence: Joint Commitment on Frontier Responsibilities” баримт бичгийг танилцуулсан. Тус баримт бичиг нь Супер оюун гэж нэрлэгдээд буй өөрөө өөрийгөө хөгжүүлдэг хиймэл оюуныг хөгжүүлэхэд тэргүүлэх зэрэгтэй оролцож буй компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх амлалт юм. Google-ийн Сундар Пичаи, Anthropic-ийн Дарио Амодей, Meta-гийн Марк Зукерберг, OpenAI-ийн ерөнхийлөгч Грег Брокман, Nvidia-гийн Женсен Хуанг болон xAI-ийг үүсгэн байгуулагч Илон Маск нар энэхүү амлалтад гарын үсэг зурсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч уг тохиролцоог “ёс зүйн хувьд үүрэг хүлээлгэсэн” гэж тодорхойлсон ч баримт бичиг нь компаниудад дөрвөн төрлийн хяналтын арга хэмжээг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хэлэлцээрийн дагуу хамгийн дэвшилтэт хиймэл оюуны загвар хөгжүүлж, ашиглалтад нэвтрүүлдэг компаниуд системийнхээ чадавх, аюулгүй ажиллагаанд дотоод хяналт тавьж, уг хяналт хэвийн ажиллаж байгаа эсэхийг тусгай дотоод баг шалгана. Мөн хөндлөнгийн бие даасан аудитор буюу үнэлгээний байгууллагаар хамгаалалтын тогтолцоогоо шалгуулж, үр дүнг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус хороо хянахаар заажээ. Хяналтад кибер аюулгүй байдал, биологийн болон химийн эрсдэл, хиймэл оюуны систем техникийн бусад системд төлөвлөөгүй байдлаар нэвтрэх зэрэг асуудлыг багтаасан байна. Оролцогч компаниуд цаашид тогтмол уулзаж, системийн аюулгүй ажиллагааны стандарт, сайн туршлагыг хамтран боловсруулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл эдгээр зарчмын заримыг ирээдүйд хууль, зохицуулалтад тусгаж болохыг баримт бичигт дурджээ.
Харин Есдүгээр сарын 30-нд энэ чиглэлээр төрийн хяналттай холбоотой шинэ үйл явдал өрнөсөн нь АНУ-ын Холбооны худалдааны комисс /FTC/ OpenAI, Anthropic болон бусад хиймэл оюун ухааны лабораторийн технологи хэрэглэгчдэд ямар эрсдэл учруулж болохыг тогтоох салбарын хэмжээний шалгалт эхлүүлснийг Reuters агентлаг баталгаатай эх сурвалжийн мэдээнд үндэслэн мэдээлжээ.
Хэдийгээр Цагаан ордонд байгуулсан хэлэлцээр нь компаниудын өөрсдийн хэрэгжүүлэх сайн дурын хяналтыг гол болгох нөхцөлтэй ч дээрх үйл явдал хиймэл оюуны аюулгүй байдлыг төрийн байгууллагууд мөн тусдаа шалгаж эхэлснийг харуулж байна.
Эх сурвалж: АНУ-ын Цагаан ордон, Reuters

