Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, шатахууны импорт, нийлүүлэлт болон нөөцийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. АМГТГ-ын Есдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 59 мянган тонн АИ-92 автобензин, 188.57 мянган тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш импортолсон. Нийтдээ 257 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн гэдгийг мэдээлэв.
Мөн Улаанбаатар төмөр замын хэмжээнд 217 вагон-цистерн буюу 13 мянган тонн АИ-92 төмөр замаар тээвэрлэгдэн ирж байгаа аж. Энэ нь ердийн хэрэглээгээр тооцоход улсын 5-6 өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм. Үүнээс 68 вагон буух өртөөддөө хүрч, гаалийн бүрдүүлэлт хийж байна. Д.Даваабаярын мэдээлснээр Сүхбаатар болон Замын-Үүд боомтоор АИ-92 автобензиний импорт үргэлжилж, нийлүүлэгч талуудаас шатахуун татан авах ажиллагаа тасралтгүй явагдаж байна.
Харин “Super 92” компанийн төлөөлөл ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас сарын шатахууны нийлүүлэлт 20-30 хувиар буурсан нь хомсдол үүсэхэд нөлөөлж байгааг хэллээ. Өдөр бүр шатахуун орж ирж байгаа ч иргэд шатахуун тасрах вий гэсэн болгоомжлолоор шаардлагагүй үед банкаа дүүргэх, бөөнөөрөө дугаарлах зэрэг нөхцөл үүсэж байгааг мөн хэлэв. Тус компанийн төлөөлөл ШТС-үүдийн үлдэгдэл багассан үед борлуулалтыг зогсоох тохиолдол нь техникийн шаардлагатай холбоотой гэж тайлбарласан байна.
Мөн “М-Ойл” компанийн төлөөлөл шатахууны борлуулалтыг аль болох таслахгүй ажиллаж байгаа ч борлуулалтын хурд болон шатахуунаа татан авч төвлөрүүлэх хурдны хооронд зөрүү үүсэж байгаа нь хомсдол бий болох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг хэлжээ.
Ингэснээр өнөөдрийн байдлаар шатахууны импорт үргэлжилж байгаа боловч ОХУ-аас ирэх нийлүүлэлтийн хэмжээ буурсан, хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдсэн зэрэг хүчин зүйл нийлүүлэлтийн нөхцөлд нөлөөлж байна.

