“Айчи-Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд Монгол Улсын тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ.
Тус төрөлд нийт 18 улсын тамирчин оролцож, гурван гараанд хуваагдан өрсөлдсөн байна. Монгол Улсаа төлөөлөн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц уралдсан юм.
С.Жамбалжамц 42:58.06 цагийн амжилтаар гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Казахстаны тамирчин Алексей Луценко 41:24.05 цагийн амжилтаар түрүүлсэн бол Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 цагийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болжээ.
Тэрбээр Азийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан бөгөөд тэмцээний гурав дахь гараанд сүүлээсээ хоёрдугаарт орж, улмаар хүрэл медалийн болзол хангасан байна.
Ийнхүү С.Жамбалжамц “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас Монголын багийн анхны медалийг авчирлаа.
Түүний хувьд энэ нь Азийн наадмаас хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм. С.Жамбалжамц өмнө нь “Ханжоу-2022” Азийн наадмаас мөн дугуйн спортоор хүрэл медаль хүртэж байсан билээ.

