Япон улсын Айчи-Нагояа хотод болж буй Азийн XX наадмын тэкболын тэмцээн 9 дүгээр сарын 17-нд эхэлж, Монголын тамирчид тус төрөлд анх удаа Азийн наадмын дэвжээнд өрсөлдөж байна.
Энэ удаагийн Азийн наадамд тэкболыг анх удаа медалийн төрөлд багтаасан бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын, холимог хосын нийт таван төрөлд тамирчид өрсөлдөж байна. Нийт 15 орны 56 тамирчин тэкболын тус төрөлд хүч сорьж байгаа юм.
Тэкболын тэмцээн Нагоя хотын Хигаши спортын төвд 9 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Монгол Улсаас эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Чингүүн, эрэгтэй хосын төрөлд Г.Чингүүн, Н.Цэцэнбэрх нар оролцож байна.
Г.Чингүүн “А” хэсэгт Ирак, Кувейт, Мьянмар болон Кыргызстаны тамирчидтай өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн тоглолтуудаа хийх бол эрэгтэй хосын төрөлд Г.Чингүүн, Н.Цэцэнбэрх нар зохион байгуулагч Япон болон Кувейтийн багтай хэсгийн шатанд тоглоно.
9 дүгээр сарын 19-нд хагас шигшээ, 9 дүгээр сарын 20-нд медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болох хуваарьтай байна.
Тэкбол нь Унгар улсад үүссэн бөгөөд хөлбөмбөг, ширээний теннисний элементүүдийг хослуулсан спортын төрөл юм. Тусгай зориулалтын хотгор ширээн дээр бөмбөгийг гар хүргэлгүйгээр хөл, толгой, биеийн бусад хэсгээр дамжуулан өрсөлдөгчийн талд буцаадаг. Нэг довтолгоонд бөмбөгийг гурван хүрэлтээс илүүгүйгээр буцаах үндсэн дүрэмтэй.
Тус спорт 2014 онд үүссэнээс хойш олон улсад эрчимтэй хөгжиж, өдгөө дэлхийн 150 гаруй улсад дэлгэрээд байна. “Айчи-Нагояа 2026” нь тэкбол Азийн наадмын медалийн төрөлд багтсан анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм.
Ийнхүү Монголын тэкболчид Азийн наадамд анх удаа өрсөлдөж, шинэ төрлөөр Монгол Улсын нэрийг олон улсын дэвжээнд гаргаж байна.

