Gerelnews
Post

Улс төр

2025, 11-р сар 24}

Монголбанкны Ерөнхийлөгчид яригдаж байгаа С.Наранцогт гэж хэн бэ?

AdminAdmin

С.Наранцогт нь “Эрдэнэс Монгол”-ыг нэгдлийн тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн удирдлага, менежментээр удирдаж ажилласан бөгөөд санхүү, эдийн засгийн  салбарт олон, жил үр бүтээлтэй бодлого тодорхойлж ирсэн туршлагыг нь үндэслэн  Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна.


Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох саналаа  УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр  намын бүлэгтээ танилцууллаа. Тэгвэл Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлогч Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшээд буй С.Наранцогт гэж хэн бэ?

Тэрбээр ясны “тооны” хүн бөгөөд МУИС-д физикч математикч мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн инженер-эдийн засагч мэргэжлээр доктор /Ph.D/ зэрэг хамгаалсан аж.

Улмаар Сангийн яаманд мэргэжилтнээс  хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар нийт 4 жил гаруйн хугацаанд мерит зарчмаар дэвшин ажилласан туршлагатай бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд,  2022 оноос  “Эрдэнэс Монгол”  нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.

С.Наранцогт нь “Эрдэнэс Монгол”-ыг нэгдлийн тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн удирдлага, менежментээр удирдаж ажилласан бөгөөд санхүү, эдийн засгийн  салбарт олон, жил үр бүтээлтэй бодлого тодорхойлж ирсэн туршлагыг нь үндэслэн  Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг  УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, томилгооны сонсгол хийснээр УИХ-аар хэлэлцэх юм. 

САНЖААГИЙН НАРАНЦОГТЫН 

ТОВЧ НАМТАР: 

 Боловсрол: 

  • 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль 
  • 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль 
  • 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр 
  • 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик, математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн 
  • 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. 

Ажлын туршлага: 

  • 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан 
  • 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер 
  • 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч 
  • 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх 
  • 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга 
  • 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант 
  • 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга 
  • 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга 
  • 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга 
  • 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга 

·      2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд 

  • 2022.11 сар Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал: 

  • 2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага 
  • 2014 онд АНУ, Жон Кеннедийн их сургуульд Засаглалын шинэчлэл 
  • 2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик 
  • 2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага 
  • 2019 онд Улаанбаатар хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан. 

Шагнал: 

  • 2010 онд Санхүү, банкны Тэргүүний ажилтан 
  • 2011 онд Алтан гадас одон 
  • 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 
  • 2021 онд Сүхбаатарын одон 

Нэмэлт мэдээлэл: (Баяжуулж болох)

Тэрээр төсөв, санхүүгийн төрийн захиргааны төв байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж, төсвийн төлөвлөлт, тайлагнал, гүйцэтгэл, сахилга бат, үр ашгийг сайжруулах, нягтлан бодох бүртгэл, төрийн сангийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох, цахим технологид бүрэн шилжүүлэх ажлыг амжилттай удирдан, нэвтрүүлж, төсөв санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож хөнгөвчилсөн байна.

Түүнчлэн төрийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, төрийн үйлчилгээг иргэдийн харилцах дансанд шууд шилжүүлдэг болж, төрийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн зардлыг хэмнэн, үр дүнг сайжруулах ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах Төрийн албаны цалингийн нэгдсэн систем, НӨАТ-н системийг хөгжүүлж нэвтрүүлэх, түүнийг жигдрүүлэхэд манлайлан ажилласан. Тус системүүд нэвтэрснээр Улсын төсвийн урсгал зардлын 20 гаруй хувийг эзэлдэг цалингийн зардлыг бүрэн хянах боломж бүрдсэн, Татварын ерөнхий газрын цахим нэгдсэн тогтолцоог бий болох суурь тавигдаж, НӨАТ-н орлого төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг болоод байна. Тэрээр татварын багц хуулиудыг батлуулах ажлыг удирдан зохион байгуулж, татварын хууль, эрх зүйн орчныг шинэчилж, олон улсын татварын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, Засгийн газрын дотоод, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх, буцаан худалдан авах зэргээр өрийн зохицуулалт, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж ажилласнаар Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг “В” тогтвортой хэвээр хадгалж байсан байна.

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, даргаар ажиллахдаа банкны зээлийн, хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын бодлого, банкны урт дунд хугацааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн бизнес төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг хангуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хяналт тавих үүргээ нэр төртэй хэрэгжүүлэн ажилласан. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллах хугацаандаа найдваргүй зээлийн асуудлыг цэгцэлж, муу зээлүүдийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлын эхлүүлснээр олон жил төлөгдөхгүй байсан зээл, зээлийн хүү төлөгдөж эхэлсэн юм.

Эдийн засаг хөгжлийн Дэд сайдаар ажиллахдаа шинэ яамны чиг үүрэг, бүтэц орон тоог зохистой боловсруулан батлуулж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын 362-р тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Засгийн газарт танилцуулан батлуулж ажилласан байна. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахад санаачлага гарган ажилласан. Тухайлбал, уул уурхайн төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, гааль татварын цахим бүрдүүлэлтийн системийг бий болгох замаар гаалийн хяналтыг сайжруулах, ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэх, уг үйл ажиллагаатай холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэх, Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /off-take/ бүх төрлийн шинэ гэрээ байгуулахыг зогсоох, экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зэрэг санаачилгыг гаргасан юм.

Тэрээр төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон, тухайн үеийн төсөв санхүү, валютын нөөцийн хомсдлын хүндрэлтэй нөхцөлийг даван туулахад шаардлагатай ажлуудыг Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын хүрээнд зохион байгуулж, хамтран ажилссанаар тус нэгдэл 2023-2024 онд улсын валютын нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлсэн. Түүнчлэн Нэгдлийн компаниуд нэгдсэн удирдлага, стратеги зорилтын хүрээнд хамтран ажиллаж, үйл ажиллагааны үзүүлэлт тогтмол сайжирч, 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Нэгдлийн хэмжээнд өр төлбөр барагдуулах ажлыг оновчтой зохион байгуулж, сүүлийн 2,8 жилийн хугацаанд нэгдлийн хэмжээнд нийт 1 их наяд төгрөг, компанийн хэмжээнд 456.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулаад байна.

Нэгдлийн үйл ажиллагаанд хамаарал бүхий 150 гаруй УИХ, Засгийн газрын тогтоол, тэмдэглэлийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжилтийг хангахад манлайлан ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!