Монгол Улсын иргэн бүрийн эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой хүлээлт үргэлжилж буй энэ үед Оюу толгой төслөөс Монгол Улсад ногдох ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал хөндөгдөж байна.
Тодруулбал, уг орлогыг эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах уу, эсвэл хуримтлалын санд төвлөрүүлэх үү гэдгийг иргэдийн саналаар шийдэх хувилбар яригдаж байгаа талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Тэрбээр эрчим хүчний үнэ өсөж байгаа нь инфляцид нөлөөлөхөөс гадна үйлдвэрлэл, эдийн засгийн идэвхэд сөргөөр нөлөөлж байгааг хэлэв.
Монгол Улс эрчим хүчний тодорхой хэсгийг импортоор авч байгаа нь зардлыг нэмэгдүүлж, улмаар хэрэглэгчдэд хүрэх үнэ болон улсын төсөвт дарамт болж байна. Иймээс эрчим хүчний үйлдвэрлэл, дэд бүтэц, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
2026 оны төсвийн тодотголын төсөлд Эрчим хүчний сайдын нийт төсвийг 604.7 тэрбум төгрөгөөр тусгасан бөгөөд үүнээс 292.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд төлөвлөсөн байна.
Харин Оюу толгой төслөөс Монгол Улс 2026 онд ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн талаар Сангийн сайд мэдээлж байсан. Мөн 2026 оны төсөвт Оюу толгойн ногдол ашгийг ойролцоогоор гурван их наяд төгрөгөөр тооцсон талаар мэдээлсэн юм.
Энэ орлогыг эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах эсвэл ирээдүйн хуримтлал болгон хадгалах эсэх нь цаашид хэлэлцэх гол асуудлын нэг болж байна. Үүний зэрэгцээ 2026 оны Үндэсний баялгийн сангийн төсөлд төрийн болон төрийн оролцоотой уул уурхайн компаниудын ногдол ашгаас 372.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, Хуримтлалын санд зарцуулахаар тусгасан байна. Энэ дүн нь зөвхөн Оюу толгойн ногдол ашиг бус, төрийн өмчит болон төрийн оролцоотой уул уурхайн компаниудын ногдол ашгийн нийлбэр дүн юм.
Ийнхүү уул уурхайн орлогыг иргэдийн хуримтлалд төвлөрүүлэх үү, эсвэл эрчим хүч зэрэг эдийн засгийн суурь салбарт хөрөнгө оруулах уу гэдэг асуудлыг олон нийтийн саналаар шийдвэрлэх талаар яригдаж байна.

