Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 9-р сар 07}

Б.Лхагважав: Төр өөрөө инфляцын гол тоглогч болох эрсдэлтэй

AdminAdmin

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважав Засгийн газрын зардлыг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх нь инфляцыг дахин өдөөж, хувийн хэвшилд хүчтэй дарамт учруулах эрсдэлтэйг анхаарууллаа. Тэрбээр төсвийн тэлэлт, төрийн албан хаагчдын цалингийн өсөлт болон мөнгөний бодлогын зөрүүний талаар байр сууриа илэрхийллээ.


-2027 оны төсөвт төрийн оролцоо тэлж, урсгал зардал их хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ нь хувийн хэвшилд ямар нөлөөтэй вэ?

 

Төрийн эдийн засагт оролцдог хамгийн том хэлбэр нь төсөв. Төрийн өмчит компаниудын санхүүжилт, үйл ажиллагааг нийтийн санхүүгийн нэг хэсэг болгон УИХ-ын хяналтад оруулах нь зөв алхам. Өмнө нь төрийн өмчит компаниудын санхүүгийн мэдээлэл макро эдийн засгийн тооцоонд бүрэн тусдаггүй байсан. Үүнээс шалтгаалж бодит нөхцөлд тулгуурласан дүгнэлт хийхэд хүндрэлтэй. Тиймээс төсөв болон төрийн өмчит компаниудын санхүүг бүхэлд нь харж, хянах шаардлагатай. Нөгөө талаас төр бол томоохон ажил олгогч. Төрийн албан хаагчдын цалинг огцом нэмэгдүүлэх нь хувийн хэвшлийн хөдөлмөрийн зах зээлд шууд нөлөөлнө. Бүтээмж, эдийн засгийн өсөлттэй уялдуулалгүй хөдөлмөрийн зардлыг нэмэгдүүлбэл жижиг, дунд бизнесүүдэд дарамт болно.

-Төрийн албан хаагчдын цалинг 30-50 хувиар нэмэгдүүлэх нь хувийн хэвшилд ямар хүлээлт үүсгэх вэ?

 

Хөдөлмөрийн хөлсийг бүтээмжтэй уялдуулах нь эдийн засгийн үндсэн зарчим. Гэтэл төрийн албан хаагчдын бүтээмжийг үнэлэх бодит судалгаа, уян хатан механизм хангалтгүй байна. Өнөөдөр төрийн байгууллагад 230 мянга орчим хүн ажиллаж, хувийн хэвшилд нэг сая орчим хүн ажиллаж байна. Нэг талаас татвар төлж буй хувийн хэвшил, нөгөө талаас төсвөөс санхүүждэг төрийн аппарат байна. Төр хувийн хэвшлээ дэмжиж, бүтээмжээрээ манлайлж явах ёстой. Төрийн зардал, татвар, хураамжийн дарамт нэмэгдэх тусам хувийн хэвшлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.

-Инфляц 13 хувьд хүрсэн энэ үед төсвийн зардлыг дахин нэмэгдүүлэх нь ямар эрсдэлтэй вэ?

 

Инфляцад хамгийн хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйл бол Засгийн газрын зардлын огцом өсөлт. Хэрэв төрийн өмчит компаниудын зардлыг бүрэн тооцохгүйгээр Засгийн газрын зардлыг дахин 10 их наядаар нэмэгдүүлбэл төр өөрөө инфляцын гол тоглогч болох эрсдэлтэй. Нэг талаас Засгийн газар төсвийн зардлаа нэмэгдүүлж, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө. Нөгөө талаас Монголбанк инфляцыг тогтворжуулахын тулд мөнгөний бодлогоо чангаруулж байна. Энэ хоёр бодлогын зөрүүний дунд хувийн хэвшил хамгийн их дарамтыг үүрнэ.

-Мөнгөний бодлогын үр нөлөөг төсвийн тэлэлт сулруулах уу?

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд их хэмжээний мөнгөний нийлүүлэлт эдийн засагт ямар үр дагавар авчирсныг бид харсан. 2013 онд 2.7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлт хийснээс хойш төгрөгийн ханш 40 орчим хувиар суларсан. Ковидын үед мөнгөний нийлүүлэлтийг нийт 8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд төгрөгийн ханшид мөн хүчтэй дарамт үүссэн. Их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлэх эсвэл огцом татах үед төгрөгийн ханшид дарамт үүсдэг. Үүний бодит өртгийг өндөр албан тушаалтнууд биш, эцэст нь иргэн, аж ахуйн нэгжүүд үүрдэг.

-Тэгвэл төсвийн бодлогын хамгийн том эрсдэл нь юу вэ?

 

Инфляц 13 хувь болсон ч нэг ч албан тушаалтны нуруунд тэр ачаа ирэхгүй. Харин ард иргэд инфляцыг бараа бүтээгдэхүүний үнэ, орлого, худалдан авах чадвараараа дамжуулан яс махандаа тултал мэдэрдэг. Төсвийн зардлыг огцом нэмэгдүүлэх нь инфляцыг дахин өдөөж, хувийн хэвшлийн хөрвөх чадварт дарамт учруулах эрсдэлтэй. Энэ дарамт даамжирвал аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, цаашлаад дампуурах эрсдэл нэмэгдэнэ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!