УИХ-ын гишүүн С.Амарсайхан улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой асуудлыг хэн нэгэн дур зоргоороо ярих ёсгүй гэдгийг онцоллоо.
Тэрбээр улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашигт хамаарах ноцтой асуудал үүссэн тохиолдолд түүний учир шалтгааныг тодорхой болгож, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай. Энэ хүрээнд холбогдох байгууллагаар шалгуулж, хуульд заасан чиг үүргийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Мөн улс орныг хагалан бутаргах агуулгатай аливаа мэдэгдэлд төр, нийгэм хариуцлагатай хандах ёстойг хэлээд, “Тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг хэн нэгэн дур мэдэн ярих асуудал биш” гэв.
Түүнчлэн төрийн зүгээс улс орны нэгдмэл байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй асуудлыг зүгээр хараад суухгүй гэдгээ хэлсэн юм.

