Gerelnews
Post

Улс төр

2026, 8-р сар 31}

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2027 оны төсөв болон 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

AdminAdmin

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг төсөлд нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан төрийн зардлыг бууруулж, шаардлагатай салбаруудад хөрөнгө хуваарилах бодлогыг тусгасан байна.


Засгийн газар өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэхээр тооцож, чөлөөлөгдөх эх үүсвэрийг ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, боловсролын салбарын санхүүжилтийг шийдвэрлэх, хүнсний болон эрчим хүчний стратегийн нөөцийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд чиглүүлэхээр төлөвлөжээ.

Төсвийн тодотголын төсөлд суурь тэтгэврийг 2027 оныг хүлээлгүй, 2026 оны арваннэгдүгээр сараас олгож эхлэхээр тусгасан байна. Үүнд 435 мянган ахмад настанд оны сүүлийн хоёр сарын хугацаанд дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг төсөвлөхөөр тооцжээ.

Мөн төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг, боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны оны эцэс хүртэлх цалингийн дутуу санхүүжилтийг шийдвэрлэхэд 674.5 тэрбум төгрөг тусгахаар боловсруулсан байна.

Хүнсний үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг дэмжихэд 150 тэрбум төгрөг, импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгасан байна. Түүнчлэн эрчим хүчний станц, дамжуулах болон түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөжээ.

Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тооцсон байна.

Харин өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж буй 2027 оны төсвийн төсөл нь ирэх оны төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт болон төрийн зардлын бодлогыг тодорхойлох гол баримт бичиг юм. Сангийн яамнаас 2027 оны төсвийн төсөл боловсруулахтай холбоотой хэлэлцүүлгүүдийг өмнө нь зохион байгуулж, төсвийн сахилга бат, зардлын үр ашигт анхаарах чиглэлийг танилцуулж байсан.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!