Ойрх Дорнод дахь дайн болон Ормузын хоолойн тээвэрлэлтийн доголдол дэлхийн эрчим хүчний зах зээлд үзүүлэх нөлөөгөө хадгалсаар байна. Эрчим хүчний зах зээлд оролцогчид 2027 он хүртэл нийлүүлэлтийн нөхцөл чангарсан хэвээр байх эрсдэлийг тооцож байна. Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөн өмнөх хэвийн түвшнээс эрс буурсан нь газрын тос болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсгэжээ.
Харин Иран, Оман түр коридор байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн мэдээлэл гарсны дараа наймдугаар сарын 26-нд газрын тосны үнэ нэг баррель тутамд 2 гаруй ам.доллароор буурсан байна. Зах зээлд оролцогчид усан замын тээвэр сэргэх боломжийг эерэгээр хүлээн авчээ.
Гэсэн хэдий ч тээвэрлэлтийг бүрэн хэвийн түвшинд хүргэхийн тулд зөвхөн түр коридор байгуулах нь хангалттай эсэх нь тодорхойгүй байна. АНУ-ын хориг, Ираны боомтуудын нөхцөл байдал болон далайн аюулгүй байдал зэрэг асуудал хэвээр байгаа гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн газрын тосны үнэ өсөх, буурах нь Монгол Улсын шатахууны импортын өртөг болон улмаар тээвэр, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх эрсдэлтэй тул Ормузын хоолойн нөхцөл байдал Монголын хувьд ч анхаарах асуудал хэвээр байна.
Эх сурвалж: Reuters.

