Олон улсын хөдөлмөрийн бага хурлын энэ жилийн чуулган "Платформ эдийн засаг ба дэлхийн хөдөлмөрийн шинэ хэм, хэмжээ" сэдвийн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд боллоо.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөгчид хөдөлмөрийн ертөнцийн өнөөгийн сорилт, боломжуудын талаар хэлэлцэж, нийгмийн шударга ёсыг ахиулах асуудлаар санал солилцож байна.
Энэ удаагийн чуулганы гол сэдэв:
-Ажил эрхлэлтийн статусыг тодорхой болгох: Платформын ажилчдыг "Бие даасан гүйцэтгэгч" үү, эсвэл "Албан ёсны ажилтан" уу гэдгийг тодорхойлох олон улсын нэгдсэн шалгуурыг тогтоох.
Нийгмийн хамгаалал ба хөдөлмөрийн нөхцөл: Тэдэнд эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, амралт, хөдөлмөрийн аюулгүй байдлын баталгааг хэрхэн олгох вэ?
Алгоритмийн удирдлага ба тэгш эрх: Ажилчдыг үнэлэх, захиалга хуваарилах, цалин хөлсийг тооцох зэрэгт аппликэйшний алгоритм хэрхэн шударга, ил тод нөлөөлж байгаа вэ?
Чуулганы хэлэлцүүлэгт манай улсаас ОУХБ-ын дүрмийн дагуу гурван талт нийгмийн түншлэгч талууд оролцож, дуу хоолойгоо хүргэж байна. Үүнд:
Засгийн газрыг төлөөлж: Монгол улсаас Швейцарын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Гэрэлмаа, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Саран, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан нар
Ажил олгогчдыг төлөөлөн: Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу тэргүүтэй МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, томоохон ажил олгогчдын төлөөлөл
Ажилчдын эрх ашгийг төлөөлөн: Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй МҮЭ-ийн төлөөлөгчид оролцож байна.

