НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон “Амин хэлхээ байгаль сан”-гийн удирдлагууд “Эко түншлэлийн санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд говийн бүсийн экосистемийн тэнцвэрийг хадгалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах юм. Түүнчлэн хармаг, заг, гоёо зэрэг говьд ургадаг ургамлуудыг тарьмалжуулж, сэргээх, брэнд бүтээгдэхүүн гаргах ажлыг хийх юм.
Мөн судалгаа, шинжилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх замаар говийн бүсийн тогтвортой ногоон хөгжлийг дэмжихээр төлөвлөж байна.
Талууд байгаль хамгаалал, экосистемийн нөхөн сэргээлтийг орон нутгийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлж, говийн байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

