Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 20}

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр

Л.АззаяаЛ.Аззаяа

Хүүхэд бүрийн инээд, гэгээлэг харц, хүсэл мөрөөдөл дэлхийг илүү сайхан болгодог. Тэдний эрүүл энх өсөж, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний өнөөдрийн хамгийн чухал үүрэг билээ. Жил бүрийн Арваннэгдүгээр сарын 20-нд тохиодог Дэлхийн хүүхдийн өдөр нь хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хамгаалахын ач холбогдлыг дэлхий нийтэд сануулдаг. Гэвч хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд өсөх эрхэд тулгарч буй томоохон сорилтын нэг нь агаарын бохирдол юм.


Ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол эрс нэмэгддэг Улаанбаатар хотод бага насны хүүхдүүд хамгийн эмзэг бүлэгт тооцогддог. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэй өдрүүдэд PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хоногийн дундаж агууламж нэг шоо метрт 687 микрограмм хүрч байсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 27 дахин өндөр үзүүлэлт юм.

Бохир агаар хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд байхаас нь эхлэн нөлөөлөх эрсдэлтэй. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлэлд дурджээ. Мөн агаарын бохирдол нь хүүхдийн тархи, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг судалгаанууд харуулдаг.

Монгол Улсад хийсэн нэгэн судалгаанд Улаанбаатар хотын 540 жирэмсэн эмэгтэйг хамруулж, гэрт нь агаар цэвэршүүлэгч ашиглуулахад хүүхдийн дөрвөн насны танин мэдэхүйн үзүүлэлтэд эерэг нөлөө ажиглагдсан байна. Хүүхэд бүр эрүүл агаараар амьсгалж, аюулгүй орчинд тоглож, сурч, мөрөөдлөө биелүүлэх эрхтэй. Тиймээс Дэлхийн хүүхдийн өдөр бол зөвхөн баяр тэмдэглэх бус, бид хүүхдүүддээ ямар орчин, ямар ирээдүй үлдээж байгаагаа эргэцүүлэх өдөр юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!