Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 21}

435 мянган ахмадын тэтгэвэрт 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр нэмж олгоно

Л.АззаяаЛ.Аззаяа

Засгийн газрын өнөөдрийн /2026.10.21/ ээлжит хуралдаанаар суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг баталлаа. 435 мянган ахмад настан 2026 оны Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн авч буй тэтгэвэр дээрээ 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр нэмж авах юм.


Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, тооцоонд баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөгөөр тогтоосон байна. Харин суурь тэтгэврийн дээд хэмжээ 300,000 төгрөг байхаар шийдвэрлэжээ.

Суурь тэтгэврийн хэмжээг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон одоо авч буй тэтгэврийн хэмжээг харгалзан, хуульд заасан томьёогоор тооцох юм.

Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн, одоо 769,000 төгрөгийн тэтгэвэр авдаг иргэний суурь тэтгэвэр 201,550 төгрөг байна. Харин шимтгэлийг 30 жил төлсөн, одоо 1 сая төгрөгийн тэтгэвэр авдаг иргэний суурь тэтгэвэр 240,000 төгрөг байхаар тооцжээ.

Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмж олгох бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлж, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгасан байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!