Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 10}

ДЭМБ:Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдийн бодит оролцоонд тулгуурлан хөгжүүлэхийг уриаллаа

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жил тус өдрийг “Туулсан туршлагыг нь сонсъё: Бодит дуу хоолой, бодит өөрчлөлт” уриан дор тэмдэглэж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан иргэдийн дуу хоолойг бодлого, шийдвэр гаргалт, тусламж үйлчилгээний тогтолцоонд бодитоор тусгахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас уриалж байна.


Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан хүмүүсийн амьдралын туршлага, мэдлэг, ойлголтыг үнэлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх чухал боломж юм.

ДЭМБ-ын мэдээлснээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг биеэр туулсан хүмүүсийн мэдлэг, туршлага нь мэргэжлийн мэдлэгийн нэгэн адил үнэ цэнтэй бөгөөд тэдний амьдралд шууд нөлөөлөх бодлого, тусламж үйлчилгээ, шийдвэр гаргалтад тусгагдах ёстой.

Амьдралын бодит туршлага гэдэг нь тухайн хүн өөрөө туулж, мэдэрсэн үйл явдлаасаа олж авсан мэдлэг, ойлголтыг хэлнэ. Ийм туршлага нь тухайн нөхцөл байдлын талаар зөвхөн сонссон эсвэл судалж мэдсэн хүмүүсийн ойлголтоос ялгаатай, онцгой үнэ цэнтэй юм.

Гэвч сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан хүмүүсээс өөрсдийн түүх, туршлагыг хуваалцахыг хүсдэг атлаа тэдний амьдралд нөлөөлөх шийдвэр гаргах үйл явцаас орхигдуулах тохиолдол цөөнгүй байдаг.

Иймд иргэдийн оролцоог хангана гэдэг нь зөвхөн тэдний дуу хоолойг сонсохоор хязгаарлагдахгүй. Харин бодлого, шийдвэрт нөлөөлөх боломж олгох, тусламж үйлчилгээг хамтран төлөвлөх, ижил төстэй туршлагатай хүмүүсийн харилцан дэмжлэгт суурилсан арга барилыг хөгжүүлэх, ялгаварлан гадуурхалт, сөрөг хэвшмэл ойлголтыг бууруулах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхийг хэлнэ.

Иргэдийн бодит оролцоог хангаснаар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо нь хүний хэрэгцээнд нийцсэн, хүний эрхэд суурилсан, иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудалд илүү мэдрэмжтэй болох боломжтой.

Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан хүмүүсийн хувьд сэтгэцийн эмгэгийн улмаас удаан хугацаагаар хэвтүүлэн эмчилдэг байгууллагад төвлөрсөн тогтолцооноос татгалзаж, олон нийтэд түшиглэсэн, хувь хүний хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ рүү шилжих нь чухал асуудлын нэг болоод байна.

Учир нь удаан хугацаагаар хэвтүүлэн эмчилдэг байгууллагууд нь хүмүүсийг нийгмээс тусгаарлах хандлагатай бөгөөд чанаргүй тусламж үйлчилгээ, албадлагын арга хэмжээ, хүний эрхийн зөрчилтэй холбогдох нь цөөнгүй байдаг.

Иймээс байгууллагад төвлөрсөн тусламж үйлчилгээний тогтолцоог өөрчлөхдөө санхүүжилт, үйлчилгээ, нийгмийн дэмжлэгийг нарийн төлөвлөж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг өөрийн амьдарч буй орчин, нийгэмдээ үргэлжлүүлэн амьдрах нөхцөлөөр хангах шаардлагатайг ДЭМБ онцолжээ.

Энэ зорилтын хүрээнд ДЭМБ-аас сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн, удаан хугацааны хэвтүүлэн эмчлэх байгууллагад төвлөрсөн загвараас олон нийтэд түшиглэсэн хэлбэрт шилжүүлэх практик удирдамжийг танилцуулахаар төлөвлөсөн байна.

ДЭМБ-аас энэ жилийн Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Зөвхөн сонсохоос бодит үйлдэлд шилжиж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог тухайн асуудлыг биеэр туулсан хүмүүсийн төлөө төдийгүй тэдэнтэй хамтран бий болгоё” хэмээн уриаллаа.

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!