Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллага алба хаагчид болон иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, зөв дадал хэвшилд уриалж байна.
Тодруулбал, 2026 оны Есдүгээр сарын 28-ны 07:20-08:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Онцгой байдлын анги, салбарын 300 алба хаагч Сүхбаатарын талбайд өглөөний дасгал хийж, бүх нийтийг биеийн тамирын хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа. Арга хэмжээнд Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн хүүхдүүд, сурагчид мөн оролцсон байна. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь зөвхөн тамирчдын бэлтгэл бус, иргэн бүрийн өдөр тутмын эрүүл амьдралын дадал хэвшил болохыг онцоллоо. Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлэх дадлыг хэвшүүлж байгаа аж.

Мөн Сүхбаатарын талбайд өглөөний дасгалыг Есдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 07:20-08:00 цагийн хооронд үргэлжлүүлэн зохион байгуулна. Иймд иргэдийг өглөөний дасгалд нэгдэж, идэвхтэй хөдөлгөөнөөр өдрийг эхлүүлэхийг уриалжээ.

