Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 02}

У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох асуудал

AdminAdmin

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 1-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзав.


Уулзалтын үеэр хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн тэмдэглэв. Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд тогтмолжиж, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ онд Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байгаа бөгөөд уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн есөн асуудлаар тохиролцлоо.

Бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барьж байгуулахад Росатом-тай хамтран ажиллана.

“Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилнэ. Ирэх 5 жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо буй 30 саяас 50 саяд хүргэхээр ажиллана. 

Гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулна. Энхүү төмөр зам транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Шатахуун тогтвортой нийлүүлнэ. Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулна.

ОХУ - Монгол - БНХАУ-ыг холбосон төмөр зам барих буюу баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална. Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам нь Монголын баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээг үүсгэх ач холбогдолтой юм. 

ДЦС-3 ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж эрчим хүчний чадлыг нэмэгдүүлнэ.

Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулна. Хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ. 

Байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулна. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. 

ОХУ, Монгол хоёр улсын бүс нутгийн чуулганыг 9 дүгээр сарын 14-15нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хойд хөршийн бүс нутгийн 400 гаруй зочид ирж, хоёр улсын хамтын төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулна.

Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!