Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга З.Энхболд өнөөдөр албан ёсоор тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ардчилсан Намын XVIII Их хурал энэ сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд хурлын хүрээнд намын үйл ажиллагаанд хяналт тавих, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, дотоод сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиг үүрэг бүхий Хяналтын Ерөнхий хорооны анхны бүрэлдэхүүнийг сонгосон юм. Тодруулбал, тус хороонд 15 гишүүнтэй бүрэлдэхүүн ажиллахаар болсон нь намын дотоод зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог илүү институтчилэх алхам гэж үзэж байна.
Энэ удаагийн сонгууль нь зохион байгуулалтын хувьд онцлогтой байв. Тус сонгуулийг урьд өмнө байгаагүй шинэ хэлбэрээр, анх удаа цахимаар зохион байгуулсан нь намын шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх, гишүүдийн оролцоог илүү өргөн хүрээнд хангах ач холбогдолтой болсон гэж үзэж буй юм.
Хяналтын Ерөнхий хороо нь намын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, сахилга хариуцлагыг мөрдүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй бүтэц бөгөөд шинэ бүрэлдэхүүн сонгогдсоноор Ардчилсан Нам дотоод засаглал, хариуцлагын тогтолцоогоо илүү боловсронгуй болгох зорилтоо хэрэгжүүлж эхэлж буй аж.

