Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 22}

Хүүхдийн эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 49.6 хувь нь дунд болон өндөр эрсдэлтэй үнэлэгджээ

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Улсын хэмжээнд зохион байгуулж буй сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлэгт зорилтот насны 198,302 хүүхэд буюу 69.4 хувь нь хамрагдаж эхэлснээс 130,450 хүүхэд үзлэгээ бүрэн дуусгажээ. Үзлэгийн эрсдэлийн үнэлгээгээр хүүхдүүдийн 41.2 хувь нь нэмэлт оношилгоо шаардлагатай дунд, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд шүдний өвчлөл, хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.


Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь хүүхдийн өвчлөл, эрүүл мэндийн эрсдэлийг эрт үе шатанд илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах, цаашдын хяналтыг сайжруулах зорилготой.

Энэ удаагийн эрт илрүүлгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлгийн байгууллагад ирэхийг хүлээх бус, сурч боловсорч буй орчинд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байгаад оршино. Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт тодорхойлохын зэрэгцээ үзлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эхийн оролцоог хангах, шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж үйлчилгээнд шилжүүлэх боломж бүрдэж буй аж. 

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 41.2 хувь нь нэмэлт оношилгоо шаардлагатай байна

Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдаж эхэлсэн 198,302 хүүхдийн 130,450 нь эмчийн үзлэгт бүрэн хамрагджээ. Энэ нь нийт зорилтот хүүхдийн 45.7 хувьтай тэнцэж буй юм. 

Үзлэгээ бүрэн дуусгасан хүүхдүүдийг насны бүлгээр авч үзвэл:

  • 3 настай 37,648 хүүхэд буюу тухайн насны зорилтот бүлгийн 56.6 хувь;

  • 6 настай 32,226 хүүхэд буюу 42.8 хувь;

  • 11 настай 36,085 хүүхэд буюу 44.4 хувь;

  • 15 настай 24,491 хүүхэд буюу 39.1 хувь нь хамрагджээ.

Хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг дөрвөн түвшинд ангилан үнэлсэн бөгөөд 26.3 хувь нь хэвийн, 24.1 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд хяналт шаардлагатай бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Харин 41.2 хувь нь нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд багтжээ.

Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн хувьд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түлхүү илэрсэн байна.

Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон үзлэг хийж байна

Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулж, насны онцлогт тохирсон багц үзлэг, үнэлгээ хийж байна. Бүх насны хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна тухайн насанд түгээмэл тохиолдож болзошгүй эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэхэд анхаарч байгаа аж. 

Тухайлбал, гурван настай хүүхдэд хөгжлийн үнэлгээ хийж, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг тодорхойлж байгаа бол зургаан настай хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний эмгэгийн эрсдэлийг үнэлж байна.

Харин 11 настай хүүхдийн нурууны муруйлт, хавтгай тавхайг илрүүлэх үзлэг хийж, 15 настай хүүхдийн сэтгэл зүйн байдал болон бэлгийн бойжилтын хөгжлийг тусгай асуумжаар үнэлж байгаа аж.

Үзлэгийн өмнө эцэг эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн талаарх асуумжийг урьдчилан бөглүүлж буй аж. 

Үзлэгийн үр дүн, зөвлөгөөг E-Mongolia системээр хүргэнэ

Энэ удаагийн эрт илрүүлэг нь зөвхөн үзлэг зохион байгуулахаар хязгаарлагдахгүй, эрүүл мэнд болон боловсролын салбарын мэдээллийн системийг уялдуулах, үзлэгийн үр дүнг нэгтгэх, хүүхдийн эрүүл мэндийн хяналтыг үргэлжлүүлэхэд чиглэж байна.

Тухайлбал, сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим системүүдийн мэдээлэл солилцоог сайжруулж, эрт илрүүлгийн явцыг бодит цагийн горимоор хянах нэгдсэн цахим самбар ашиглаж байгаа аж. 

Цаашид хүүхдийн үзлэгийн дараах эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмжийг E-Mongolia системээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад хүргэхээр төлөвлөжээ.

Эрт илрүүлгийн үр дүнг зөвхөн хамрагдалтаар бус, хүүхдийн эрүүл мэндэд гарсан өөрчлөлтөөр үнэлэх шаардлагатай

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүүхдийн өвчлөлийг эрт илрүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн ялгааг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой.

Гэхдээ эрт илрүүлгийн бодит үр дүн нь хэдэн хүүхэд үзлэгт хамрагдсанаар хязгаарлагдахгүй. Үзлэгээр эрсдэл илэрсэн хүүхдүүдийн хэд нь нэмэлт оношилгоонд хамрагдсан, шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээг авсан, цаашдын хяналтад орсон эсэх нь хөтөлбөрийн үр нөлөөг хэмжих чухал үзүүлэлт болно.

Түүнчлэн хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлснээр өвчний хүндрэл, хожуу үеийн өндөр өртөгтэй эмчилгээний хэрэгцээг бууруулах, гэр бүл болон эрүүл мэндийн тогтолцоонд учрах ачааллыг багасгах боломжтой гэж үзэж буй юм. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөх, үзлэгт бүрэн хамруулах, эмчийн зөвлөгөөний дагуу шаардлагатай нэмэлт оношилгоо, хяналтад хамруулах нь чухал гэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!