Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 14}

А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр, дүүг даргаар томилох үүрэг өгсөн

Л.АззаяаЛ.Аззаяа

ШШГЕГ-ын удирдлагууд ийнхүү ХЗДХЯ-наас харьяа агентлагуудын дотоод томилгоонд оролцож, хууль бус гэж үзэж буй томилгоог тулгах, биелүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөхөөр сүрдүүлж байгаа асуудлыг эсэргүүцэж, олон нийтэд мэдээлж буйгаа илэрхийллээ.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ удирдлагууд өнөөдөр /2026.09.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы зүгээс харьяа агентлагийн дотоод томилгоонд оролцож, албан тушаалын шаардлага хангаагүй хүмүүсийг томилох шахалт үзүүлж байгаа талаар мэдээлэв.

Тэрээр “ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан харьяа агентлагийн дотоод томилгоонд орж, албан тушаалын шаардлагад нийцээгүй хүмүүсийг ажилд томилох гэж шахсаар байна. ХЗДХ-ийн сайдын томилсон ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Мөнхдөл энэ хууль бус ажиллагааг гардан гүйцэтгэж байна.

Бид бодлогын яамаа хүндэтгэж, шийдвэрийг нь дагасаар ирсэн. Гэтэл ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өөрийн жолоочийн эхнэрийг ШШГЕГ-ын Төр хурахын даргаар томилохыг шаардсан. Бид уг шаардлагын дагуу томилсон. Шаардлагыг биелүүлэхгүй бол ажлаас чөлөөлнө хэмээн алба хаагчдад дарамт үзүүлж байна.

Мөн ХЗДХ-ийн сайд өөрийн жолоочийн төрсөн дүүг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилохыг шаардсаны дагуу томилсон. Түүнчлэн ХЗДХЯ-ны Хяналт шалгалтын газрын дарга Дамдинцэрэнгийн хүргэн дүүг даргаар томилохыг шаардсан” хэмээн ярив.

Тэрбээр “Одоо улам шахсаар байна. Зарим хууль зөрчсөн томилгоог нь хийхгүй байхаар хэлэх, хэлэхгүй үгээр шахаж, дарамталдаг болсон” гэлээ.

 

Эх сурвалж: ШШГЕГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!