JCI Монгол байгууллагын нийгмийн төслүүдийн нэг Save Angels төслийг 2021 онд JCI Монгол байгууллага, ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр Үндэсний хөтөлбөр болон өргөжиж ирэх 5‑н шатыг Монгол улсын 21 аймаг бүрд хүргэж ажиллахаар болсон юм.
Жил бүр 15 сая нярай (өөрөөр хэлбэл 10 нярай тутмын 1) жирэмсний тээлтийн 37 долоо хоногтойгоос өмнө хугацаанд эхээс мэндэлж байна. Нярай дутуу төрж, эндэх нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болдог. Амьдарсан дутуу нярай хараа, мэдрэл, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй болох, тархи, уушгины өвчлөл удаан хугацаагаар үргэлжлэх тохиолдол элбэг байдаг.
Эх дэлхийдээ ирэх гэж, ээж аавтайгаа уулзахаар яаран ирсэн бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх зорилготой энэхүү төслийн 6 дугаар шат Архангай болон Завхан аймгуудад төсөл амжилттайгаар үргэлжилж байна.
Зургаадугаар шатны хүрээнд: Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинээр нээж 16 нэр төрлийн 114.601.500 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивласан бол Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт дутуу нярайн эрчимт эмчилгээний̆ тасгийг шинээр нээж 13 нэр төрлийн 104.897.000 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.
JCI Монгол байгууллагаас эхний 5 шатыг нийслэлийн төрөх эмнэлгүүд болох ЭХЭМҮТ, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газрууд дээр амжилттай хэрэгжүүлж нийт 700 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгуудад хандивлаж, 2000 гаруй сахиусан тэнгэрийг амийг аварч чадсан юм.
Save Angels төсөл өнгөрсөн таван жилд олон зуун бяцхан үрсэд амьдрал бэлэглэж, олон зуун гэр бүлийг элэг бүтэн амьдрахад халуун сэтгэлийн дулаан гараа сунгаж, нярайн эндэгдлийг бууруулахад дорвитой үр дүн үзүүлсэн ажлуудыг зохион байгуулжээ.
Тодруулбал:
I шат 2015 он
ЭХЭМҮТ-ийн дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний 15 ортой тасгийг 55 ортой тасаг болгон өөрчлөн шинэчилсэн. Нярайн эндэгдэл 2015 он: 19.1%-2016 он: Нярайн эндэгдэл 5.6% хүртэл буурахад нөлөөлсөн ажилд 120.000.000₮;
II шат 2017 он
Дутуу төрсөн нярайд зориулсан иж бүрэн хагалгааны тасгийг бий болгож 18 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хандивласан: Мэс заслын дараах сэргэлт 2017.06 сард 72.2% байсан бол төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017.11 сард энэ тоо 82.2% болж сэргэжээ. Төслийн энэ шатанд 80.000$ зарцуулагджээ;
III шат 2018 он
ЭХЭМҮТ-тэй хамтран мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийг засварлан 6 ортой тасгийг 12 ортой тасаг болгон өргөтгөж 2 иж бүрэн инкубатор хандивласан. Мэс заслын дараах эдгэрэлт 2018.06 сард 92% байсан нь 2018.12 сард 96.5% болон нэмэгджээ;
IV шат 2019 он
Нийслэлийн Амгалан амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт 5ш инкубатор, 2ш халуун тавцан, 2ш шарлагын фото аппарат, 1ш шар хэмжигч төхөөрөмжүүд байрлах өрөөг иж бүрэн тохижуулж өгсөн. 2019 оны наймдугаар сараас 2020 оны мөн сар хүртэлх хугацаанд нийт 1500 гаруй нярай тус тасгаар эмчлүүлсэн. Нярайн эндэгдэл 40% буурсан гэсэн үр дүнтэй байна;
V шат 2020 он
Төслийн 5 дугаар үе шат 2020 онд Нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газруудад хэрэгжсэн. Тус төслөөр нярайн инкубатор 8ш, фото аппарат 8ш, тарианы шахуурга 7ш, нярайн дулаан ширээ 7ш, нярайн хяналтын монитор 4ш, шарлагын аппарат 2ш , хөхөөр хооллох эх хүүхдийн өрөөг иж тохижуулахад нийт 150.000.000₮ зарцуулжээ. Нярайн эндэгдлийг бууруулахад, урт хугацаанд тогтвортой, бодит үр дүнд хүрэх нь чухал гэдгийг ойлгуулж, гайхамшигт ариун үйлсийг үргэлжлүүлэн ээж аавдаа ирсэн зүрх бүрд амьдрал бэлэглэсэнд баярлалаа, JCI Mongolia.