Умард Солонгос улс хоёр Солонгосын хоорондох буффер бүсийн зүг 250 орчим удаа, мөн өнгөрсөн шөнө 100 орчим удаа их буугаар галласан талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний мэдэгдлээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын зүгээс мэдээлснээр Умард Солонгосын Ёнань дүүргийн орчмоос Баруун тэнгисийн зүг 19-нээс 20-нд шилжих шөнө 100 орчим удаа их буугаар буудсан гэжээ.
Хэдийгээр их бууны сум Өмнөд Солонгосын усан хилийн орчимд хүрээгүй ч хоёр улсын хоорондох тэнгисийн буффер бүсэд хүрч, унасан гэдгийг тодотгожээ.
Энэхүү тэнгисийн буффер бүсийг хоёр Солонгосын хоорондох хилийн цэрэг, зэвсгийн зөрчлийг намжаах үүдээс БНСУ, БНАСАУ-ын зэвсэгт хүчний хооронд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр баталсан гэрээгээр тогтоож өгч байсан юм.
БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабаас Умардын энэхүү үйлдэлтэй холбоотойгоор дээрх гэрээний зүйл заалтыг олон удаа зөрчиж байгааг Пхеньянд удаа дараа анхааруулснаа мэдээлж, АНУ-тай хамтран бэлэн байдлаа бэхжүүлж, нөхцөл байдлыг ойроос ажиглаж, хянаж байгаагаа хэлсэн байна.
Умард Солонгосын өдөөн хатгалгын шинжтэй энэ төрлийн үйлдэл сүүлийн үед олширч байгаа бөгөөд баллистик пуужингийн туршилтыг олон удаа явуулаад байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 560 удаа их буугаар галласан билээ.
Нөхцөл байдал нэлээд ширүүсч байгаа энэ үед харин АНУ-ын зүгээс Умард Солонгостой яриа хэлэлцээ явуулах боломж нээлттэй хэвээрээ гэдгийг илэрхийлээд байна. Хэдийгээр Умардын сүүлийн үеийн үйлдлүүд нь Вашингтоны холбоотон Өмнөд Солонгос, Япон улсуудын нөхцөл байдлыг хүндрүүлж, аюул учруулж байгаа ч АНУ БНАСАУ-тай хэлэлцээрийн ширээний ард суухад үргэлж бэлэн, Умардыг бүрэн цөмийн зэвсэггүйжүүлэх явдал бол АНУ-ын нэн тэргүүний зорилт гэдгийг АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател хэлсэн байна.
Эх сурвалж: Arirang news